Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “УБТЗ” ХНН-ийн 16 мянга гаруй төмөр замчин, ажилтан, албан хаагч, 6 мянга орчим ахмадын төлөөлөлтэй уулзав.
Ази, Европыг холбосон олон улсын тээвэр логистикийн сүлжээнд онцгой хувь нэмэр оруулж, эдийн засгийн хөдөлгөгч хүч, улс орны хөгжил дэвшлийн хурдасгуур болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар “УБТЗ” ХНН-ийн ажилтан, албан хаагчид, төмөр замчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн жил эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэнд “УБТЗ” ХНН-ийн хамт олны хувь нэмэр асар их байсныг тэмдэглэлээ.
Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа зэргийн талаар товч танилцуулав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “УБТЗ” ХНН-ийн өмнө тулгамдаад байсан Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 83,7 тэрбум төгрөгийн өрийг тэглэх, Нийгэмлэгийн дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, тээврийн тарифыг алдагдалгүй болгох зэрэгт онцгой анхаарч, шийдвэрлэснийг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэллээ.
Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын төмөр замын төв шугамыг шинэчлэх асуудлыг төрийн тэргүүн нарын түвшинд ярилцаж тохирсон нь тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлснийг тэмдэглэв.
“УБТЗ” ХНН улсын хэмжээнд төмөр замаар тээвэрлэж байгаа нийт ачааны 70 орчим хувийг дангаараа тээвэрлэдэг.
Тухайлбал импортын нефтийн бүтээгдэхүүний 100 орчим хувь, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотын Дулааны цахилгаан станцуудын нүүрс, “Тавантолгой түлш” компанийн гол түүхий эд болох мидлингийг 100 хувь, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 85 орчим хувийг тээвэрлэж байгаа юм.
Ялангуяа нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь бусад ачаанаас 2-3 дахин хурдан тээвэрлэж байна.
Төмөр замчид өнгөрсөн онд 33,7 сая тн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоосон бол энэ жил 2 сая орчим тн илүү ачаа тээвэрлэх төлөв гарчээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Замын-Үүдийн “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглалтад оруулж байсан.
2016 онд жилд дөнгөж 19 мянга орчим чингэлэгтэй ачаа дамжин өнгөрч байсан бол энэ оны эхний 10 сард 400 мянгад хүрээд байна. “Бүс нутгийн логистикийн төв” нийт чингэлэгтэй ачааны 70 хувийг шилжүүлэн ачжээ.
“УБТЗ” ХНН-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 4 сая мод тарьж, ургуулах амлалтаа үе шаттай хэрэгжүүлж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




