Төв аймгийн Жаргалант суманд бүх нийтийн цэвэрлэгээний өдөр бүгдийг дайчилж, цэцэрлэгийн үүдийг барьсны улмаас гэртээ цоожтой үлдсэн гурван бяцхан охин галд шатан амиа алдав. “Бамбар” зайрмаг авчраарай гээд гэртээ цоожтой үлдсэн 2-5 насны эгч дүүс ээждээ аавдаа ахиж үнсүүлэхгүй, эгч ахдаа дахиж эрхлэхгүй, инээж уйлан тоглож наадахгүй.
Төрөөс цалин авдаг аав нь, 11 настай 6-р ангийн эгч нь хүртэл бүх нийтийн цэвэрлэгээнд дайчлагдаж, ээж нь өдөр тутмын амин зуулгын төлөө дэлгүүртээ ажиллаж байхад өөдөсхөн бяцхан хүүхдүүд нь үнс нурам болов. Жаргалант сумын даргын Б.Гомбодоржийн захирамж Зовлонт заавар болсон. Цаасан дээр цэцэрлэгээ хаах тухай үг, үсэг байхгүй гэж засаг дарга галаас бултана. Амаараа бол албан хаагчдын кампаничлан дайчилсан нь мэдээж хэрэг. Эрхлэгч Ц.Амаржаргал цэвэрлэгээнд ажилчдаа дайчилъя гэж групп чаат дээр бичээд, цэцэрлэгийн үүд хаалгыг барихыг дур мэдэн дуулгажээ.
6-12 дугаар ангийн хүүхдүүдийг ч цэвэрлэгээнд дайчилж хуульгүй, журамгүй аашилсны гай гамшиг. Хүүхдэдээ халтай Монгол орны сум галын ганцхан машинтай. 2020 онд хүлээж авснаас ганцхан удаа асаад ахиж хөдлөөгүй. Сэлэнгийн Баруунхараагаас тусламж ирэхийг гал түймэр хүлээгээгүй.
Төрийн эрхэм үүрэг, үүсэл гарвал нь ч хүнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах юм. Өмчлөх, зорчих, үгээ хэлэх, үзэл бодолтой байх, хүний жам ёсны эрхийг хааж хорьдог коммунизмын муу ёрын сүнсийг сэрээсэн Лениний төрсөн өдрийг эмгэнэл дүүрэн тэмдэглэв. Улаан туг намируулсан өөрөө буулгагч машин хүн ачиж, хууль, дүрмээ ч умартан, улирсан баларсан улаан коммунизмыг дурссаар...