Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Улс төрийн намын тухай хуульд улс төрийн нам санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хоёрдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр заасан. Улмаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэхээр заасан. Аудитын хуулийн этгээд намын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэл, бусад баримт бичиг болон намын гүйцэтгэх төв байгууллагаас өгсөн тайлбар, тодруулгыг үндэслэн холбогдох олон улсын стандартын дагуу шалгаж, баталгаажуулан дүгнэлт, тайлан гаргасны дараа Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянадаг. Сонгуулийн ерөнхий хорооны хянасан тайланд төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргаж дөрөвдүгээр сарын 25-ны дотор дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 28 нам тайлангаа хуулийн хугацаанд ирүүлсэн бол 9 нам тайлан ирүүлээгүй. Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газраас тайлангаа ирүүлээгүй Монголын Либерал нам, Монгол Консерватив нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монголын Хүний Төлөө нам, Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн нам, Монгол Шинэчлэлт нам, Зүй Ёс нам, Ардчилал Шинэчлэлийн намтай албан ёсоор холбогдон мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийг хангах албан бичгийг хоёр удаа хүргүүлжээ. Учир нь хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол Улсын дээд шүүх тухайн намыг идэвхгүйд тооцно. Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох, зөрчлийг арилгах хүртэл нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болохоор хуульд заасан. Тиймээс улс төрийн намуудад Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх уулзалтыг тогтмол зохион байгуулахыг хорооны хуралдаанаас холбогдох газруудад үүрэг болголоо.
Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандивын орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүй гэж заасан.
Төрийн санхүүжилт авах эрх бүхий долоон нам, эвслийн тайланг хянахад хоёр эвсэл, нэг намд олгох санхүүжилт хуулийн дээрх заалтаар санхүүжилтийн дээд хэмжээнээс хасагдаж тооцогдож байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хорооны хувьд Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зохицуулалтад хамаарч буй талууд нэгдсэн ойлголттой байх, хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэглэх шаардлагатай гэж үзээд Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн үзэл баримтлалын үндэслэлийг тодруулж, хуулийн тайлбар гаргуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Түүнчлэн дээрх үндэслэлээр санхүүжилт нь дээд хэмжээнээс хасагдаж байгаа намуудтай уулзалт зохион байгуулж, санхүүгийн тайланд хийсэн хяналтын ажлыг танилцуулсан юм. Иймд Улсын дээд шүүхээс хүсэлтийн хариу ирсний дараа төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.