Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 42 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Харин нийслэлийн хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж 1.7 саяд хүрсэн. Энэ онд нийслэлээс Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр барилгын ажлын гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулж, станц барих бэлтгэлийг эхлүүлсэн юм.
Тэгвэл Дулааны тавдугаар цахилгаан станцын талаар хотын дарга Х.Нямбаатар “Хотын цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 1990 оноос хойш яригдсан ДЦС-5 төслийг эхлүүлээд байна. Барилга угсралтын ажлыг 2026 онд эхэлнэ. Станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулж, тусгай зориулалтын компаниа байгуулсан. Ирэх долоо хоногт нүүрс худалдах, худалдан авах гэрээ хийнэ. Мөн энэ онд багтаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ холбогдох газруудтай хийж дуусахаар төлөвлөсөн. ДЦС-5 ашиглалтад орсноор Улаанбаатар хотын баруун, баруун хойд хэсэг орон сууцжих, дулаан хангамж болон эрчим хүчний найдвартай эх үүсвэр бүрдэнэ” хэмээн онцоллоо.
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн өөр нэг онцлог бол Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох юм. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр баригдана.
АДМИН






Нийгэм









