Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжээс бусдаар дамжуулан хахууль авч мөнгө угаах хэрэгт холбогдсон тухай АТГ-аас тодрууллаа.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт: АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий бүхий албан тушаалтан бусдаар дамжуулан аж ахуйн нэгжүүдээс хахууль авч, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнийг Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлсэн. ШШГЕГ-аас Олон овоот гоулд компаниас 148.5 тэрбум төгрөгийг Зоос, Хадгаламж, Анод банкууд дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. 2012 оноос хойш гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрших найман ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу лицензийг Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчид шилжүүлсэн. Ингээд Монголбанкны эрх бүхий албан тушаалтанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжчихсэн байхад Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтнууд хууль бусаар тэрхүү зөвшөөрлүүдийг Олон-Овоот гоулд компани болон Зөв зүг компанийн эзэмшилд 2025 оны тавдугаар сард шилжүүлсэн. Үүнийхээ хариуд 2.7 тэрбум төгрөгийн хахуулийг бусдаар дамжуулж авсан. Энэхүү үйлдлийг АТГ-аас мөрдөн шалгаж байна. Хэрэгт гурван хүнийг холбогдуулан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байгаа. Нийтдээ гэмт хэргийн улмаас учирсан 148.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг АТГ-аас хийж байна.
С.ОТГОНБАЯР







Нийгэм








