Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүдийн тансаг хэрэглээ дэлхий даяар олон нийтийн шүүмжлэл дагуулж, зарим тохиолдолд улс төрийн замналын төгсгөл, хууль эрх зүйн хариуцлагаар үргэлжилдэг. Доорх тохиолдлууд нь “хувийн амьдрал” гэх халхавчийн цаана нийтийн итгэл, төрийн ёс зүйн асуудал хэр гүн гүнзгий байдгийг харуулна.
Хятад: 2012 онд Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтан Лин Жихуагийн хүү Лин Гү Бээжингийн 4-р тойрог зам дээр 500,000 ам.долларын үнэтэй Ferrari хөлөглөн осолдож, нас барсан. Эрх баригчид хэргийн талаар мэдээллийг нуун дарагдуулсан нь олон нийтийн дургүйцлийг улам дэвэргэж, улмаар Лин Жихуагийн улс төрийн карьерт сөрөгөөр нөлөөлж, албан тушаалаасаа буухад хүргэсэн.
Камерун: 2025 онд Камеруны Ерөнхийлөгчийн охин Швейцарьт тансаг зочид буудалд амьдарч байгаад холбогдох хэрэгт буруутгагдан, Женевийн шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Энэ хэрэг нь Камеруны төрийн эрх мэдэлтнүүдийн гэр бүлийн гадаад дахь үрэлгэн амьдрал, авлигын асуудлыг ил гаргаж, олон улсын анхаарлыг татсан юм.
Эх сурвалж: SWI swissinfo.ch
Испани: Каталоны ерөнхийлөгч асан Жорди Пужол 2014 онд гэр бүлийнхээ гадаад дахь нууц данс, хөрөнгийн талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн нь шуугиан тарьсан. Түүний хөвгүүд 100 сая еврогийн хөрөнгийг олон улсын санхүүгийн төвүүдэд байршуулсан нь ил болж, татварын зөрчил, мөнгө угаах зэрэг хэрэгт шалгагдаж эхэлсэн.
Франц: 2005 онд Францын Сангийн сайд Эрвэ Гаймар Парисын хамгийн үнэтэй дүүрэгт 600 м² талбай бүхий орон сууцанд төрийн мөнгөөр амьдарч байгаад баригдсан. Үүний улмаас тэрээр олон нийтийн хүчтэй эсэргүүцэлд өртөж, огцрохоос гадна төрд учруулсан зардлыг буцаан төлөх үүрэг хүлээжээ.
Канвар Сингх Танварын хүүгийн хурим: Улс төрч Танвар 18 сая ам.доллар зарцуулж, 18,000 зочин хүлээн авч, нисдэг тэрэг бэлэглэсэн тансаг хурим хийсэн. Намын даргын "хэмнэлтийн уриалгыг" үл тоосон хэмээн шүүмжлэгдсэн.
Анант Амбанигийн хурим: Энэтхэгийн тэрбумтан Амбани гэр бүлийн хүү Анант дэлхийн одуудыг цуглуулсан, үлгэрийн мэт хурим хийсэн нь баян ядуугийн туйлшралыг илчилж, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.
Бразил: 2023 онд Араукария хотын 65 настай дарга Хиссам Хуссейн Дехайни 16 настай бүсгүйтэй гэрлэсэн нь Бразилын нийгмийг талцуулсан. Тэрээр хуримын өмнөхөн ирээдүйн хадам ээжийгээ төрийн албанд томилсон нь ёс зүйн зөрчил хэмээн үзэгдэж, улс төрийн намаасаа шахагдсан.
Эдгээр жишээнүүд нь төрийн албан тушаалтнуудын гэр бүлийнхэн “хувийн амьдралаар халхавчилсан” тансаг хэрэглээ нь цаашдаа нийтийн шүүмжлэл, хууль эрх зүйн үр дагаварт хүрдэг болохыг нотолж байна. Монгол Улсад ч мөн төрд ойр хүмүүсийн тансаг үйлдэл олон нийтийн хараанд орж, итгэлцлийн зөрчил үүсгэх болсон. Ийм нөхцөлд төрийн албан тушаалтнууд ил тод байдал, ёс зүйн хариуцлагыг нэн тэргүүнд тавих нь төрд итгэх итгэлийг сэргээх цор ганц гарц болж байна.