Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан бол эрчим хүчний салбарт төр “хангалттай баларснаа” хүлээн зөвшөөрч эхэлж буй дохио байв. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр Монгол Улсын цахилгаан хэрэглээ жил бүр 7-8 хувиар өсч байгаа ч үйлдвэрлэх хүчин чадал нь бараг зогсонги байдалд орсон. Тиймээс “яаралтай”, “нэн шаардлагатай”, “төр дангаараа чадахгүй” гэх үгс илт давамгайлсан танилцуулга боллоо.
Монгол төр өнөөдөр "цөхөрч", хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг “гуйхдаа тулжээ”. Гэхдээ энэ нь зүгээр нэг гуйлт биш. Хууль хүртэл өөрчилж байж хөрөнгө оруулагч татах гэж байна. Шалтгаан нь тодорхой. Өндөр өртөгтэй томоохон цахилгаан станцуудыг төрөөс мөнгө гаргахгүйгээр барина гэвэл, одоо байгаа хууль эрх зүйн орчин “саад” болж байна.
Хуулийн өөрчлөлтийн гол санаа бол төрөөс тодорхой хувийг санхүүжүүлээд, үлдсэн мөнгийг хувийн хэвшил шийд.
“ТЭЦ-3”-ын генераторууд элэгдсэн, нөөцгүйгээр ажиллаж байгаа, Таван толгойн станц гацаанд орсон, цахилгааны оргил үед бараг гуйж байж Оросоос, Хятадаас авдаг болсон. Нэг ёсондоо Монгол эрчим хүчний систем “хөхүүрийн ам дээр” ирсэн байна.
Гол асуудал нь,
-
Одоогийн хууль хувийн хэвшилтэй уян харилцах боломж олгохгүй байгаа.
-
EPC+F буюу "барь, мөнгөө босго, ашигла, төрд шилжүүл" маягийн гэрээ хийх эрх зүйн суурь дутуу.
-
Төсөл хэрэгжүүлэгчдийг богино хугацаанд сонгох боломжоор хууль нь хомс.
-
Хуучин станцууд “амьсгаа хураах” шахаж байгаа ч шинэ эх үүсвэрүүд удаан, зардал ихтэй.
-
Эрчим хүчний үнэ хянадаг учраас төрийн өмчит компаниуд дампуурах шахсан.
Энэ бүхнээс гарах ганц гарц нь хуулиа өөрчилж, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх. Гэвч гишүүдийн зүгээс "Ингээд өндөр өртгөөр станц барьчихаад дараа нь төрд шахах нөхцөл бүрдвэл, ард түмний халаас руу орно шүү" гэх болгоомжлол хүчтэй байна.
АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар энэ төсөл түр хойшлов. Гэвч нэг зүйл тодорхой. Цахилгаан гачигдвал улс зогсдог.