2026 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Энэ жилийн төсвийн гол онцлог нь нэгдүгээрт, иргэдийн саналд тулгуурлан боловсрууллаа. Хоёрдугаарт, татварын ачааллыг багасгаж, бууруулсан төсөв боллоо. Тэр хэмжээгээрээ төрийн оролцоог хумьсан, хувийн хэвшилдээ илүү орон зай олгосон, жижиг дунд бизнес, иргэдийн оролцоог дэмжсэн төсөв боллоо. Хэдийгээр хумьж, танаж төсвийн зардлыг бууруулсан ч хүний хөгжлийг дэмжих чиглэлийг ирэх жилийн төсөвт баримталлаа. Хүн төвтэй төсөв боловсруулахыг эрхэмлэлээ. Ийм үндсэн дөрвөн үзэл баримтлал, шинэчлэлтэй төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Ийм учраас энэ төсвийг “Иргэдийн төсөв” гэж нэрлэж байна. Төрийн хязгааргүй өсөлт нэмэгдлийг анх удаа хязгаарласан төсвийн төслийн хууль болсон. Нийт 201 мянга гаруй иргэний саналыг авч, харгалзан үзэж энэ төсвийн төслийг боловсрууллаа. 2026 оны төсвийг юунд илүү зарцуулах вэ гэсэн асуултад 125625 иргэн эрүүл мэндийн салбарт гэж хариулсан. 105295 иргэн боловсролын салбарт, 88010 иргэн эрчим хүчний найдвартай байдал хангамжид төсвийн төслийг түлхүү зарцуулахыг эхний гуравт эрэмбэлсэн. Энэ зарчмын дагуу бид явж ажилласан. ЭХЭМҮТ-д очиж асуудлыг шийдлээ. Хамгийн ихээр өртөж буй гал усны гашуун зовлонгийн өмнө явж байдаг онцгой байдлын алба хаагчдын асуудалтай очиж танилцаж, гал түймэртэй тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал сөнөөгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг орууллаа. Эрүүл мэндийн асуудлыг шийдлээ.
Боловсролын байгууллагуудаар явж ажиллалаа. Дутуу тоног төхөөрөмж, гишүүдийн тавьсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ажилласан. Энэ утгаараа энэ төсвийг хүний хөгжлийг дэмжсэн төсөв гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарт 238.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмлээ. Хавдрын эмнэлэг-2-ыг барина. Хавдрын робот мэс засал, хиймэл оюун ухааны тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүрх судасны эмнэлэг байгуулах, ГССҮТ-ийн эмнэлгийн их засвар хүчитгэлийг хийе. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулъя. Булган аймгийн 100 ортой эмнэлэг, 17 эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийг барьж байгуулъя. Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг 49.7 тэрбум төгрөгөөр сайжруулъя, 19 эмнэлгийг ашиглалтад оруулъя гэсэн асуудлуудыг шийдэж, монгол хүний эрүүл амьдрах нөхцөл боломжийг түлхүү хангасан төсвийн шийдлийг орууллаа.
Хоёрдугаарт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүллээ. 2025 онд 515.3 тэрбум төгрөг байсан бол боловсролыг дэмжих жилийн хүрээнд 1 их наяд төгрөг болж нэмэгдүүллээ. Энэ хүрээнд 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байр шийднэ. 66.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийднэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр 100 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөлөө. Ингэж боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлөө дэмжсэн ч нийт иргэдийнхээ татварын ачааллыг бууруулах, баялаг бүтээгчдийн татварын ачааллыг багасгасан тэр хэмжээгээрээ төрийн оролцоог бууруулсан шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Төсвийн хуультай хамт НӨАТ-ын хуулийг мэдүүлж байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад 5 хувийн НӨАТ-ыг буцаан олгоно. 2027 оноос 100 хувь буцааж олгоно. Ингэж үе шаттайгаар татварын ачааллыг багасгаж, дунд давхаргаа дэмжих, татварын ачааллыг бууруулах хуулийг төсвийн хамт өргөн барьж байна. Нийт иргэдийн 75 хувь нь 1 сая төгрөг хүртэлх худалдан авалт хийж байгаа. Иргэдийнхээ 75 хувьд ээлтэй шатлалт НӨАТ-ын буцаан олголт хийж байна. Сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө. Жижиг дунд үйлдвэрлэгчийн татварын ачааллыг багасгана. 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ЖДҮ эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлнэ. Банкны дансыг хааж татвар төлүүлдэг байсан бүдүүлэг зохицуулалтыг хална. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болно. Шударга бус татварын тогтолцоог шударга болгоно. 2025 онд нийт төсвийн зарлага 35.1 их наяд байсан бол 32.2 их наяд болж бараг 3 их наяд төгрөгөөр бууруулж байна. хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байна. өмнө нь бид төсвийн тодотголоор 2.3 их наядаар төсвийн үр ашиггүй зардлыг танасан. Ингэсний үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх урсгал зардлын хэмжээ 26.3 хувь байсныг 24 хувь болгож зорилтот түвшинд хүргэж байна. уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс, алтны үнэ өсөхөөр дагаад бүх урсгал зардлаа тэлээд дараа нь өрөнд ордог. Гадаад өрийн дарамт асар их нэмэгддэг. Энэ жишгийг үүгээр халж байгаа юм. Ийм утгаараа энэ бол хэмнэлтийн төсөв боллоо.
2025 онд нийт төрийн албан хаагчдын тоо 230900 байсан бол 218000 болж төрийн албаны хязгааргүй тэлэлтийг анх удаа хязгаарлаж байна. дан уул уурхайгаас хамаардаг төсвөө өсөн үрждэг, урган төлжүүлдэг баялгийн төсөв болгох, аялал жуулчлал, хамгийн гол нь хөдөө аж ахуйгаа дэмжсэн хөнгөлөлттэй зээлийг хоршооллыг дэмжих, малчдыг дэмжих, энэ хэмжээгээрээ ургадаг цагаан алт болсон ноос ноолуур экспортлох, мал махаа экспортлох, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг түлхүү дэмжсэн төсвийн зохицуулалтыг хийлээ.