Dark Light
Нийгэм | 2026-06-04

ИХ БОГД” ХАЙРХНЫ ТӨРИЙН ТАХИЛГА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Говь, хангай, тал хээр гурван бүсийн нутгийн хонгор түмний шүтээн хайрхан “Их Богд” уулыг төрийн тахилгатай болгох тухай нийт ард иргэдийн саналыг аймгийн ИТХ-аас, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргэснээр 2020 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Говь-Алтайн нурууны ноён оргил “Их Богд” уулыг төрийн тахилгатай болгосон билээ.
Тэгвэл төрийн тахилгат Их Богд хайрхны тэнгэрийг тайх хоёр дахь удаагийн ёслолыг “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын хүрээнд Баянхонгор аймаг 2026 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдөр зохион байгууллаа.
 
 
Төрийн тахилгат “Их Богд” хайрхны тэнгэрийг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон Төрийн элч төлөөлөгчийн тэргүүн Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар нар, Төрийн элч, төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн, Гачен гэгээн, аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат нарын аймаг, сум, орон нутгийн удирдлага, Улсын арслан Э.Батмагнай, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон хонгор нутгаас төрөн гарсан алдартан мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, Ламын гэгээний гон гандан дэдлин хийд болон бусад хийдүүдийн лам хуврагууд, сүсэгтэн олон оролцлоо.
Тахилгын тэргүүнд Монгол Улсын туг сүлд, Бүх цэргийн хар сүлдийн Өрнийн их элч, Баянхонгор аймгийн туг, Төрийн долоон эрдэнэ, Чингис хааны хөргийг Их Богд уулын хормой буюу тахилгын хойморт хүндэтгэн залж, ёслолыг Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нээж, Төрийн элч төлөөлөгчийн тэргүүн Г.Занданшатар үг хэллээ.
Үргэлжлээд “Их Богд” хайрханы тэнгэрт хандан айлтгалыг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар дуудан сонордуулж, уйгуржин Монгол бичгээр бичсэн айлтгалын эх хувийг Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбатад гардуулан өгч, аймгийн музейд хадгалууллаа.
Төрийн тахилгын ёслол тусгай жаяг дэгийн дагуу өрнөдөг бөгөөд Монгол Улсын Гарамгай харваач Б.Баянмөнх тэнгэрийн дуут сумыг харваж, тахилгын Төрийн элч төлөөлөгч Г.Занданшатар цагаан бор зүсмийн морийг сэтэрлэн тавьж, түмэн олон уухайлан рашаан цацлаа өргөв.
 
Тэнгэрт харвасан сум, сүрэгт нийлүүлсэн цагаан моринд дараагийн тахилга хүртэл хэн ч гар хүрэх ёсгүй аж.
Ламын гэгээн нарын лам хуврагууд Ганжуур хөлгөн их судар айлдаж, тахилгын цацлын ном, буян хишгийн даллагын судар дуудахад Төрийн элч төлөөлөгч идээ шүүсийг хөндөн дээжийг хангай дэлхийдээ өргөн барив.
 
 
Тахилгын үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулахад Баянхонгор аймгийн бүхий л төрийн байгууллага, түүний 200 гаруй албан хаагчид оролцон ажиллаж, Төрийн тахилгын ёслол, арга хэмжээг хол ойроос цугласан нийт 1800 гаруй сүсэгтэн олон үзэж сонирхлоо.
 
Тахилгын үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс зан үйл, дэг мөрийг нэг бүрчлэн ёсчлон биелүүлж, Их Богдын туулийг хайлсны сацуу хурдан морины төвөргөөн, хүүхэд багачуудын гийнгоогоор уул усаа мялааж, уран барилдаач бөхчүүдийн ид хавыг бахдуулан, хурсан олныг цэнгүүлэхээр бэсрэг наадмыг зохион байгууллаа.
 
 
Улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх эр бяр, уран мэхийг уралдуулан барилдсанаас Богд сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших түрүүлж, Жинст сумын харьяат аймгийн арслан Т.Дүүрэнсаран үзүүрлэв.
Ийнхүү хонгор нутгийн уугуул, суугуул түмэн олныхоо хүндлэлд шүтээн болсон Төрийн тахилгат "Их Богд" уулаа төрт ёсны жаяг дэгийнх нь дагуу Баянхонгор аймаг хоёр дахь удаагаа ёслол төгөлдөр тахилаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10