Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж хөгжсөний 35 жилийн ой тохиож буй энэ үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор илэрхийллээ. Тэрбээр Монголын парламентын тогтолцооны хөгжлийн талаар онцолж, ирэх намрын чуулганы гол зорилтуудыг танилцууллаа. Парламентын шинэ бүтэц 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй, таван намын оролцоотой шинэ парламент байгуулагдсан. Энэ нь Монголд анх удаа олон намын төлөөлөл оролцсон үйл явдал болсон. Намрын чуулганы хугацааг 15 хоногоор наашлуулсан нь улсын төсвийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд авч үзэх боломжийг бүрдүүлсэн гэж тэр онцлов. Мөн улс төрийн намын тухай хууль 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан намууд дотоод сонгуулиа зохион байгуулж, даргаа сонгон Дээд шүүхэд бүртгүүлэх үйл явц өрнөж буйг дурдав. АН дотоод сонгуулиа нээлттэй, ардчилсан зарчмаар явуулсан жишээ олон намд үлгэр болж буйг ч тэмдэглэв. Ирэх намрын чуулганы таван зорилт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ирэх намрын чуулганаар баримтлах таван чухал чиглэлийг тодорхойлов.
Нэгдүгээрт, Төрийн данхгар бүтцийг өөрчлөх – иргэдэд хүндрэл учруулж буй олон шат дамжлагыг цэгцлэх.
Хоёрдугаарт, УИХ-ын процессын шинэчлэл – хууль тогтоох үйл явцыг илүү шуурхай, үр дүнтэй болгох.
Гуравдугаарт, Хууль, журмын уялдаа – нийт 2768 журмыг хуулийн хүрээнд нэгтгэн, хүнд суртал, авлигын хөрсийг арилгах.
Дөрөвдүгээрт, Татварын шинэчлэл – бизнес эрхлэгчид төрийн хэт хяналтаас ангид, өөрийн хурдтайгаар хөгжих боломжийг хангах бүтэн реформ хийх.
Тавдугаарт, Хувийн хуримтлалын тогтолцоо – иргэдийн нэрийн дансны сул талыг засаж, бодитой үр дүн гаргах гэсэн таван асуудлыг чухалчиллаа.
Тэрбээр “Монгол Улсад хууль засагладаг төр байх ёстой. 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын төвөөр хангахын төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшинэ” гэж мэдэгдлээ. Д.Амарбаясгалангийн мэдэгдэл нь парламентын шинэчлэл, олон намын тогтолцоог бэхжүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулах чиглэлд онцгой анхаарах зорилготой гэдгийг харууллаа.
Б.БИЛГҮҮН