Dark Light
Улс төр | 2025-10-24

ХЭМНЭЛТ: УИХ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЭЛ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын гишүүд 2026 оны улсын төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ удаад хамгийн их анхаарал татаж буй асуудал бол багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэсэн асуулт.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг танах замаар эх үүсвэр гаргах санал гишүүдээс дараалан гарч ирж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганмаа бүх төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 2 хувиар буюу 770 тэрбум төгрөгөөр бууруулж, энэ мөнгөөр эмч, сувилагч нарын цалинг 50 хувиар нэмэх санал гаргасан. Санал хураалтад оролцсон гишүүдийн 64.3 хувь дэмжив.

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмад настны тэтгэврийг 10 хувь дээр нэмэх, доод тал нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, нийтдээ 567 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн санал дэвшүүлж, мөн олонхийн дэмжлэг авлаа.

“Багш, эмч нарын цалин нэмэх шаардлага бодитой ч эх үүсвэр хомс”

Засгийн газраас ирэх оны төсвийг боловсруулахдаа 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөсөн. Ийм нөхцөлд урсгал зардлыг танах нь хамгийн бодит хувилбар хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

Учир нь төрийн 200 мянга гаруй албан хаагчийн цалингийн фонд 7.8 их наяд төгрөг. Хэрэв багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх бол 3.3 их наяд төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардагдана. Энэ хэмжээний мөнгийг төсвөөс гаргах боломж хомс.

Тиймээс гишүүд одоо “данхгар төрөө цомхон болгоё” гэсэн байр сууринд нэгдэж эхэлжээ.

“Төрөөс эхэлж бүсээ чангалъя”

Одоогийн байдлаар Засгийн газар Ерөнхий сайдтайгаа нийлээд 20 сайд, 16 яамтай ажиллаж байна. Нэг яам дунджаар 10-14 газрын даргатай, тэдний доор хэлтсийн дарга нар ажилладаг. Нийтдээ 200 гаруй газрын дарга, 100 гаруй хэлтсийн дарга бий. Тэднийг цомхотговол, зардлын хэмнэлт гарна гэж үзэж буй.

Мөн яамдаас гадна 35 агентлаг, түүн дээр үндэсний хороо, зөвлөлүүд ажиллаж, бүгд л “даргатай”. Үүн дээр аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын орлогчид, зөвлөх, жолооч, хамгаалагч гэх мэт илүүдэл албан тушаалын зардал нэмэгддэг.

“Дарга нь байхгүй, гарын үсэг хүлээгдэж байна” гэдэг нь төрийн байгууллагын өдөр тутмын дүр зураг болсон.

“УИХ өөрсдөөсөө эхэл”

УИХ-ын 126 гишүүн бүрт сар бүр 20 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал олгодог. Энэ нь нийтдээ сар бүр 2.8 тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг хэмнээд эмч, багшийн цалинд шилжүүлбэл болохгүй гэх газаргүй.

Мөн гишүүдийн унааны зардал 900 мянга, энэ зардлыг ч бууруулах санал гарч байна.

“Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даах шийдвэрийг эргэн харъя”

Өнөөдөр 280 мянган малчны НДШ-ийн 50 хувийг төрөөс төлж байгаа. Энэ хуулиар жил бүр 25 тэрбум төгрөг төсвөөс гарч, таван жил хэрэгжвэл нийт 125 тэрбум төгрөгийн ачаа болно. Үүнийг зогсоож, энэ мөнгийг цалин нэмэх эх үүсвэрт шилжүүлэх санал ч яригдаж байна.

Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хүүгийн татааст 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг багш, эмчийн цалинд зориулбал илүү үр өгөөжтэй гэж зарим гишүүн үзэж байна.

“Цалин нэмэхийн хажуугаар бүтээмжээ өсгөе”

Багш, эмч нарын цалинг нэмэх шаардлага бодит ч цалин нэмэгдлээ гээд инфляци дагаж өсвөл ард түмний амьдралд бодит өөрчлөлт гарахгүй.

Төрийн албан хаагчдын цалин нэмэхтэй зэрэгцэн үйлчилгээний чанар, бүтээмж өсөх ёстой. Энэ нь зөвхөн цалингийн асуудал бус төрийн үйлчилгээний соёл, хариуцлагын асуудал юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19