Хууль зүйн байнгын хороогоор Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд туссан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд уг хуулийн шинэчлэлийг боловсруулсан гэдгийг онцолсон юм.
1999 онд батлагдсан одоо мөрдөгдөж буй хууль нь нийгмийн өөрчлөлт, гэр бүлийн харилцааны хувьслыг бүрэн тусгаж чадахгүй болсон тул хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах зохицуулалт дутагдалтай хэвээр байна. Тухайлбал, гэрлэгчдийн эд хөрөнгийн эрх, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган үзэх нөхцөл, хүйсийн өөрчлөлтөөс үүдэх эрх зүйн үр дагавар, тээгч эхийн асуудал зэрэг шинэ тулгамдсан олон харилцаа хуульд тодорхойгүй байгаа нь практикт хүндрэл үүсгэж иржээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд дараах гол өөрчлөлт, зохицуулалтуудыг тусгасан байна:
1. Гэрлэлт цуцлахтай холбоотой хүүхдийн эрхийг хамгаалах
Гэрлэлт цуцлалтын тоо өсөж буй ч хүүхдийн асрамж, уулзах эрх, тэтгэлгийн асуудал хамтад нь шийдэгддэггүй тохиолдол олон байдаг. Иймд гэрлэлт цуцлахдаа эдгээр асуудлыг заавал багтааж шийдвэрлэх зохицуулалт оруулжээ.
2. Хүүхдийн тэтгэлгийн шинэ тогтолцоо
Тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшнээс хамааруулах бус:
-
тэтгэлэг төлөгчийн орлого,
-
хүүхдийн хэрэгцээ, шаардлага
зэрэгт тулгуурлан тогтоодог болох юм.
Мөн:
-
18–21 насны суралцагч,
-
асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
наснаас үл хамааран тэтгэлэг олгохоор тусгажээ.
3. Хүүхэдтэйгээ уулзах эрхийг хуульчлах
Тусдаа амьдарч буй эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах, уулзуулах үүргийг тодорхой болгов. Хэрэв биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлэх, шийтгэл ногдуулах зохицуулалт багтжээ.
4. Гэрлэлтийн гэрээний зохицуулалт
Гэрлэлтийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах эрх зүйн үндсийг тодорхой болгож, гэрээтэй тохиолдолд гэрлэлт цуцлах үед дундын эд хөрөнгийг гэрээний дагуу хуваах боломжийг нээлттэй болгожээ.
5. Хамтран амьдрагчдыг адилтган үзэх
Хамтдаа 5-аас доошгүй жил амьдарч, хамтын эд хөрөнгө бий болгосон бол хамтын амьдрал дуусахад эд хөрөнгийг гэрлэгчдийн дундын өмчтэй адил зарчимд тулгуурлан хуваах зохицуулалтыг тусгасан.
6. Гэрлэлт бүртгүүлэхээс өмнөх эрүүл мэндийн шалгалт
Цус ойртолтоос сэргийлэх үүднээс гэрлэлт бүртгүүлэхийн өмнө садан төрлийн холбоотой эсэхийг шалгаалгах боломжтой болгожээ.
7. Үрчлэлтийг шүүх шийдвэрлэдэг болох
Өмнө нь Засаг даргын эрхэд байсан хүүхэд үрчлүүлэх асуудлыг олон улсын жишгийн дагуу шүүх шийдвэрлэх зохицуулалтад шилжүүлсэн.
8. Хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөхийг нэгдүгээрт тавих
Асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдэхдээ хүүхэд өөрийн гэр бүлийн орчинд өсөх боломжийг тэргүүн ээлжид харгалзахаар тусгав.
9. Гэр бүлээс гадуурх харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалт
Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалбал:
-
гэм буруутай талд сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхтэй,
-
дундын эд хөрөнгийн хуваарилалтад энэ нөхцөл байдлыг харгалзана,
-
хүүхэд нь буруутай эцэг, эхийг тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусгажээ.
10. Хүйсийн өөрчлөлт, зохиомол үр тогтоолт, тээгч эхийн асуудал
Шинэчилсэн төсөлд:
-
хүйсийн өөрчлөлтөөс үүдэн гэрлэлт дуусгавар болох,
-
тээгч эхийн гэрээнд заасны дагуу хүүхдийн эцэг, эх байх эрх,
-
өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болсон үед түүний эрх зүйн үр дагаврыг
тодорхой тусгаж өгчээ.
Б.АМАРТҮВШИН








Улс төр









