Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.05) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэллээ. Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно” гэж, мөн зүйлийн 32.3 дахь хэсэгт “.. хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцно” гэж заасны дагуу Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуулийн төсөл татан авах тухай албан бичгийг ирүүлжээ. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас татан авч байгаа талаар Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулсан.
Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ Пүрэв гарагийн (2025.12.05) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэн ирүүлсний дагуу өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 51 буюу 76.1 хувийн саналаар дэмжив. Иймд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсан тооцож, энэ талаар Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Ийнхүү Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг энэ Пүрэв гарагийн (2025.12.04) нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулсан байв. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтуудыг явууллаа. Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 72.1 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн Байнгын хорооны саналаар тус бүрд нь санал хураалт явуулав. Ингээд Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Энэ Пүрэв гарагийн (2025.12.04) нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсныг өнөөдөр үргэлжлүүлсэн. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 69 гишүүний олонх буюу 73.9 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт "Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно" гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Нанзадын Наранбаатарын нэрийг дэвшүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн, эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй. Тэрбээр 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2011-2015 онд "Билэгт говь" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020 оноос эхлэн Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгаа аж. Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж буйг Төсвийн байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Б.Бейсен, Ц.Даваасүрэн, Х.Баасанжаргал нар үг хэлж, Төсвийн байнгын хорооны даргыг шинээр сонгож буйтай холбоотой саналууд хэллээ.
Төсвийн төслийн боловсруулалт, бичиг баримтын бүрдлийн талаар, Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхайн салбарт чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгох шаардлагын талаар санал гаргаж, “Оюу толгой”-н гэрээг сайжруулах хэлэлцээрт анхаарал хандуулах зэрэг саналыг гишүүд хэлж байв. Мөн төсвийн орлогын суурийг тэлэх чиглэлээр Сангийн яамтай зэрэгцэн Төсвийн байнгын хороо санаачилга гарган ажиллахыг, ирэх долоо хоногт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн яамны мэдээллийг сонсож, энэ оны төсвийн гүйцэтгэлийн нөхцөл байдалд анхаарал хандуулах шаардлага байгаа хэмээн санал гаргаж байсан. Түүнчлэн төсвийн төслийн цаглаварт өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар тайлбар хэлж, төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалттай холбоотой санал гаргаж, төрийн анхан шатны нэгжээс эхлэн төсвийн асуудлыг анхааран цэгцэлж, ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж, шинээр сонгогдох Төсвийн байнгын хорооны дарга анхаарч ажиллахыг хүссэн. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг санал оруулсан бөгөөд жендерийн эрх тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэх байх гэдэг хүлээлттэй байснаа Х.Баасанжаргал гишүүн илэрхийлээд, Монгол Улсын Их Хурал нь хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээг хийж байсан, энэ дагуух зөвлөмжүүдийг дор бүрнээ хэрэгжүүлж ажиллахад анхаарах талаар санал хэлсэн. Мөн улсын төсвийн төслийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын бүх шатанд ил тод явуулж, ажлын хэсгийн хэлэлцүүлгийг нээлттэй болгон, гишүүдэд дүн шинжилгээ хийх, санал гаргах боломж нөхцөлөөр ханган, төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх бодлогын өөрчлөлт хийх чиглэлээр ажиллах, Төсвийн байнгын хороо Сангийн яаманд энэ чиглэлээр ажиллах шаардлага тавих талаар саналуудыг илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг сонгохыг дэмжсэн Төсвийн байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 71 гишүүний 62 хувь нь дэмжив. Иймд “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал нэгдсэн хуралдаанд тогтоолыг бүрэн Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тус төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.
Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 02, 04-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Д.Үүрийнтуяа нар тогтоолын төсөлд найруулгын шинжтэй санал болон уг тогтоолын хэрэгжих хугацааг ердийн журмаар мөрдөх талаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Г.Ганбаатар, Б.Пунсалмаа нар асуулт асууж, ажлын хэсэг болон Байнгын хорооноос хариулт авав. Татварын хэмжээг “5 хүртэл” гэж төсөлд тусгасныг “хүртэл” гэдэг нь хэд байхыг хэн шийдэх талаар, зөвхөн баруун бүсэд импортлох гурил, будаа, малын тэжээлийн татварын хэмжээг бууруулж байгааг, татварын бодлого тогтворгүй байгааг шүүмжилж, үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүд, газар тариаланчид бизнес төлөвлөлтөө хийж чадахгүй байгааг хэлж байв.
Баруун бүсийн хувьд гурилын үйлдвэр огт байхгүй, газар тариалан эрхлэх боломжгүй, алслагдмал зэргийг харгалзан дээрх зохицуулалтыг тусгаж байгааг М.Бадамсүрэн гишүүн тайлбарлаад цаашид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлоготой нийцүүлэх шаардлага бий гэдгийг хэлсэн. Зөвхөн баруун аймгууд гэлтгүй өвөлжилт хүндэрч байгаа говийн бүс, бусад аймгуудад хямд өртөгтэй малын тэжээлээр хангах, мал аж ахуйн салбараа эрсдэлээс хамгаалах гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байлгах нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ аваад ажиллах шаардлагатайг сануулсан.
2025 онд тариалангийн бүс нутгийн 90 хувь нь гантай байсны улмаас ургац алдсан болохыг ажлын хэсэг хэлээд “Дотоодын хэрэгцээг бүрэн хангахын тулд 120 мянган тонн улаан буудай шаардлагатай байдаг. Гурил үйлдвэрлэлд 270 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Дотоодын үйлдвэрлэлд дутагдаж байгаа болон нийт хэрэгцээг хангахад шаардлагатай 150 мянган тонн хүнсний улаан буудайг импортоор авахаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн шийдвэр гарган, нэр бүхий 12 аж ахуйн нэгжид квот олгоод байна. Эдгээр аж ахуйн нэгж хүнсний улаан буудай импортолж байна. Баруун аймгууд энэ жилийн тухайд гантай байсан, өвлийг давахад малчдаа дэмжих үүднээс гишүүдээс гаргасан саналын дагуу малын тэжээлийн зэрэгцээ гурилыг импортлох асуудлыг төсөлд тусгасан. Энэ жилийн хувьд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баруун аймгуудад ган болсны дараа зуд болох эрсдэлтэй байгаа учраас малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад онцгойлон анхаарсан” гэлээ. Энэ үеэр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлттэй холбоотой зохицуулалтын талаарх нөхцөл байдал, үүнийг шийдвэрлэх саналыг гишүүд гаргаж байв. Парламент үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг хамгаалах үүднээс нэгдсэн бодлого баримтлах ёстойг хэлж, энэ талаарх өмнөх туршлагуудыг дурдан импортын татварын өөрчлөлт дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг талаар тоо баримтад тулгуурлан тайлбарлав. Улмаар үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, холбогдох бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх талаар саналыг тодотгон хэлж байсан.
Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Б.АМАРТҮВШИН







Улс төр








