Боловсрол гэдэг манайд ярих дуртай, хийх дургүй салбар. Өчигдөр сайд Л.Энх-Амгалан сэтгүүлч, багш, эцэг эхчүүдийг цуглуулаад “шинэчлэл” ярив. Ярих амар. Хийх хэцүү.
Ерөнхий сайдын “чөлөөлье” уриа энэ салбарт бас буув. Хүүхдүүдийг “мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө” гэнэ. Сайхан сонсогдоно. Гэхдээ бодит байдалд бол бид өөрсдөө л тэднийг тэр хоцрогдолд хийчихсэн.
Мөнгө? Байгаа. Тоо нь бүр сүртэй. Нэг их наяд гаруй төгрөг эргэлдэнэ. Зээл, төсөв, орон нутаг гээд л. Гэхдээ манайд мөнгө дутдаггүй, хариуцлага л дутдаг. 238 ажил хийнэ гэнэ. Тал нь шинээр, үлдсэн нь хуучин. Бас л нөгөө “эхэлсэн ч дуусгадаггүй” өвчин.
Тиймээс одоо “хар жагсаалт” гаргана гэж байна. Үнэндээ энэ хамгийн зөв хэсэг нь. Сургууль, цэцэрлэг барина гэж тендер авдаг, дараа нь орхиод явчихдаг компаниуд зөндөө. Хамгийн хямд үнэ санал болгоод орж ирнэ, дараа нь өртөг өсгөнө. Эцэст нь хүүхдүүд л хохирно. Ийм нөхдийг дахиж ойртуулахгүй гэвэл дэмжинэ. Хэрвээ үнэхээр хэрэгжвэл шүү дээ.
Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй гэдгийг бүгд мэднэ. 100 гаруй сургууль, 90 гаруй цэцэрлэг шинээр барих шаардлагатай гэнэ. 3 их наяд төгрөг хэрэгтэй. Энэ бол бодит хэрэгцээ. Харин бидний бодит чадвар түүнийг гүйцэх эсэх нь өөр асуудал.
Багшийн асуудал бүр ч эмзэг. Одоогоор 2700 гаруй багш дутуу. Өмнө нь 45 хоногийн “түргэн курс”-аар багш бэлтгэж байсан. Одоо 100 хоног болгоно гэнэ. Өдөр нэмэхээр чанар сайжирдаг бол амар л даа. Гэхдээ багш гэдэг 100 хоногийн бүтээгдэхүүн биш.
Төр мөнгө төлж сургаад, төгсөгч нь багш болохгүй явчихдаг гэнэ. Одоо тэгвэл буцааж ажиллуулна, эсвэл мөнгийг нь төлүүлнэ гэж байна. Энэ бол логик. Ядаж ингэж бодож эхэлж байгаа нь дэвшил.
Бүр цэрэгт явах залуусыг хөдөө багшлуулж “алба хаалгана” ч гэж ярьж байна. Манайд арга ядсан шийдэл ихэвчлэн “бодлого” болж хувирдаг. Энэ бас тийм зам руугаа орох вий.
Дараагийн “том” ажил нь аттестатчилал. Багш нарыг шалгана. Захирлуудыг ч бас. Үнэндээ шалгах ёстой. Монгол хэлний багш монголоороо ярихгүй, англи хэлний багш англиа мэдэхгүй байвал энэ тогтолцоо аль хэдийн нурсан гэсэн үг.
Эцэст нь заах аргын нэгдэл “амилна” гэнэ. Урьд нь байсан, дараа нь мартагдсан, одоо дахин сэргэнэ. Манайд шинэ юм бараг байдаггүй. Хуучнаа л өөр нэрээр дахин нээдэг.
Нэг үгээр хэлбэл, зөв ярьж байна. Гэхдээ манайд асуудал ярьсандаа биш, хэрэгжүүлдэггүйдээ байдаг. Хэрвээ энэ удаа хэлснээ хийж чадвал шинэчлэл болно. Чадахгүй бол бас л нэг ээлжит “сайн төлөвлөгөө” архив руу орно.
Б.АМАРТҮВШИН







Улс төр





