УИХ-ын пүрэв гарагийн хуралдааныг харвал Монголын төр нэг л өдөрт бараг бүх асуудлаа шийдэхээр шамдсан мэт. Бизнесээ чөлөөлнө, хүний эрхээ хамгаална, орон сууцны луйврыг зогсооно, уул уурхайгаа шинэчилнэ, газрын тосны орлогоо шударга хуваарилна, хиймэл дагуул хүртэл хөөргөнө. Хэлэлцсэн асуудлын жагсаалтыг харахад Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарахад хэдхэн санал хураалт л дутуу байгаа мэт.
Гэвч парламентын танхимд өрнөсөн ярианууд өөр дүр зураг харууллаа.
Хамгийн их анхаарал татсан нь Бизнесийн эрх чөлөөний тухай хууль. Монголд бизнес эрхлэгчид зах зээлийн өрсөлдөгчтэйгөө биш, төрийн хүнд сурталтай өрсөлдөж ирсэн түүхтэй. Зөвшөөрөл авахын тулд зөвшөөрөл авдаг, нэг цонхны үйлчилгээ нэртэй олон хаалгаар ордог, төрийн байгууллагын албан тушаалтны гарын үсэг бизнесийн хувь заяаг шийддэг тогтолцоо бий болсон.
Тиймээс энэ хуулийн гол санаа болох “зөвшөөрөөгүй бүхнийг хориглодог” сэтгэлгээнээс “хориглоогүй бүхнийг зөвшөөрдөг” тогтолцоо руу шилжих оролдлого нь анхаарал татаж байна. Үнэндээ зах зээлийн эдийн засаг ийм л зарчмаар ажиллах ёстой. Харин Монголд үүнийг хуульчлах гэж 30 гаруй жил болсон нь өөрөө эмгэнэл.
Гэхдээ гишүүдийн хэлсэнчлэн төр бизнесийг дарамталсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт нээлттэй үлдэв. Монголын хамгийн том асуудал хуульгүйдээ биш, хууль хэрэгждэггүйдээ байдаг. Төрийн байгууллага хууль зөрчвөл бараг юу ч болдоггүй, харин иргэн алдаа гаргавал бүх механизм ажилладаг өнөөгийн тогтолцоонд бизнесийн эрх чөлөө цаасан дээр үлдэх эрсдэл бий.
Чуулганаар мөн орон сууц захиалгын гэрээтэй холбоотой олон жил хуримтлагдсан асуудлыг шийдэх хуулийн төслийг хэлэлцэв. Монголчуудын амьдралын хамгийн том мөрөөдөл бол орон сууц. Гэвч хамгийн том залилан ч энэ салбарт бий. Нэг байр хэд хэдэн эзэнтэй болдог, дуусаагүй барилга банкны барьцаанд ордог, иргэд насны хуримтлалаа алдаж хохирдог үзэгдэл хэвийн зүйл мэт болсон.
Тиймээс захиалгын гэрээ, өмчлөх эрх, улсын бүртгэлийн мэдээллийг ил тод болгох санал нь зүгээр нэг техникийн өөрчлөлт биш. Энэ бол барилгын салбар дахь далд эдийн засаг, хариуцлагагүй байдлыг хумих оролдлого юм.
Нөгөө талд хүний эрхийн асуудал дахин сөхөгдлөө. Сүүлийн жилүүдэд цэргийн ангиудад хүний эрх зөрчигдсөн, цэрэг амиа алдсан, эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл тасрахгүй байна. Ийм нөхцөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын эрх, боломжийг нэмэгдүүлэх тухай яриа гарч байгаа нь цаг үеийн шаардлага. Гэхдээ комиссын эрхийг нэмэхээс илүүтэй хүний эрх зөрчсөн этгээдэд хариуцлага тооцдог болох нь чухал.
Уул уурхайн салбарын тухайд парламент хоёр өөр асуудал хэлэлцэв. Нэг нь Ашигт малтмалын тухай хууль, нөгөө нь Газрын тосны тухай хууль. Аль аль нь нэг асуулт руу хүрч байна. Байгалийн баялгийн өгөөж үнэхээр иргэдэд хүрч чадаж байгаа юу?
Өнөөдрийг хүртэл Монголын уул уурхайн орлого ихэссэн ч орон нутгийн иргэдийн амьдрал төдийлөн өөрчлөгдсөнгүй. Тиймээс баялгийн орлогын хуваарилалтыг өөрчлөх, орон нутагт үлдэх хувийг нэмэгдүүлэх тухай санал улс төрийн хувьд ч, нийгмийн хувьд ч анхаарал татах сэдэв хэвээр байна.
Харин чуулганы төгсгөлд хэлэлцсэн хиймэл дагуулын төсөл Монголын төрийн нэг онцлогийг дахин сануулав. Бид заримдаа сансарт гарах тухай ярьж байхдаа газар дээрх асуудлаа шийдэж амжаагүй байдаг. Техник, эдийн засгийн үндэслэл нь хуучирсан, өртөг нь тодорхойгүй төслийг дахин нягтлах шаардлагатай гэж гишүүд үзсэн нь энэ удаад бодитой хандсан шийдвэр байлаа.
Эцэст нь харахад парламент нэг өдөрт олон хууль хэлэлцсэнээсээ илүү Монголын өнөөгийн асуудлуудыг ил гаргалаа. Бизнес эрхлэхэд хүндрэлтэй байна. Иргэд орон сууцны залиланд өртөж байна. Хүний эрхийн зөрчил арилаагүй байна. Байгалийн баялгийн өгөөж шударга хуваарилагдахгүй байна.
Харин эдгээр асуудлыг шийдэх эсэх нь батлагдах хуулиас бус, хэрэгжүүлэх хүсэл зоригоос шалтгаална. Монголд хууль хэзээ ч ховор байгаагүй. Харин хэрэгждэг хууль л ховор байсан.
Б.АМАРТҮВШИН








Улс төр







