УИХ-ын нэг өдрийн хуралдаан Монголын өнөөгийн төрийн дүр төрхийг бүхэлд нь харуулах шиг боллоо. Хүүхдийн хоолноос эхлээд тэтгэврийн шинэчлэл, газар нутгийн нэрээс аваад сонгуулийн байгууллагын томилгоо хүртэлх асуудлыг нэг үдээс хойш амжуулжээ.
Парламентын ажил гэдэг заримдаа үйлдвэр шиг. Конвейер дээр хууль орж ирээд санал хураалтаар дамжин цааш гулсаж байдаг. Энэ удаагийн хуралдаан ч ялгаагүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг гишүүд бараг асуултгүйгээр хэлэлцээд дараагийн шат руу нь шилжүүлэв. Монголд татварын асуудал бол бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн мэдрэмтгий сэдэв. Гэвч парламент дээр энэ удаа маргаан өрнөсөнгүй. Магадгүй бүгд яарсан байх.
Харин хүнсний тухай хуулийн хэлэлцүүлэг илүү амьд байлаа. Сурагчдын “Үдийн хоол”-ын чанар, хүүхдийн хүнсийг дотоодоос хангах бодлого, махыг НӨАТ-аас чөлөөлөх зэрэг асуудал хөндөгдөв. Монголчууд улс төрөөр маргалдахаас илүү хоолны талаар санал нийлдэг ард түмэн. Учир нь улс төрийн амлалт биелэхгүй байж болно, харин хүүхдийн таваг дээрх хоол муу байвал тэр даруй мэдэгдэнэ.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудал ч яригдав. Сонгуулийн боловсрол, ирц, оролцооны талаар олон зүйл хэлсэн. Гэвч Монголын сонгуулийн хамгийн том асуудал нь боловсролын дутагдал биш, харин иргэдийн итгэлийн хомсдол байж мэднэ. Иргэд сонгуульд очихоо больсон нь ардчилалд дургүйдээ биш, өөрчлөлт гарах эсэхэд эргэлздэг болсон хэрэг.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, хүний эрхтэй холбоотой багц хуулиудыг хэлэлцэв. Эдгээр нь нийгмийн хамгийн эмзэг асуудлууд. Монгол Улсад эдийн засгийн өсөлтөөс илүүтэй гэр бүлийн тогтвортой байдал, хүний эрхийн хамгаалалт чухал болсон үе иржээ. Тоон үзүүлэлтээр баян улс байж болно. Харин гэр бүл нь тогтворгүй, иргэд нь эрхээ хамгаалуулж чаддаггүй бол тэр хөгжил цаасан дээр үлдэнэ.
Хуралдааны нэг сонирхолтой хэсэг нь газар зүйн нэрийн асуудал байв. Баян-Өлгий аймгийн 319 нэрийг монгол хэлээр өөрчлөх, Сүхбаатар аймгийн 940 газар нутгийн нэрийг батлах тухай ярив. Зарим хүнд энэ нь жижиг асуудал мэт санагдаж болох. Гэвч газар нутгийн нэр бол газрын зураг дээрх үг биш. Түүх, соёл, тусгаар тогтнолын тэмдэг. Улс орон хилээ цэрэг армийн хүчээр хамгаалдаг бол нэрээ соёлын хүчээр хамгаалдаг.
Гэхдээ энэ өдрийн хамгийн том сэдэв бол тэтгэврийн шинэчлэл байлаа. Ерөнхий сайд Н.Учрал өнөөгийн тогтолцоо удаан үргэлжлэх боломжгүй болсон тухай шулуухан хэлэв. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсийн төлсөн шимтгэлээр өнөөгийн ахмадуудын тэтгэврийг олгож буй систем ачааллаа даахаа больжээ. Өөрөөр хэлбэл бид ирээдүйн мөнгийг өнөөдөр зарцуулсаар байна гэсэн үг.
Монголд тэтгэвэр гэдэг үг олон жил халамжтай ижил утгатай сонсогдож ирсэн. Харин шинэчлэлийн үзэл санаа нь өөр. Хөдөлмөрлөсөн нь илүү хүртдэг, төлсөн шимтгэл нь ирээдүйд бодит өгөөж болдог тогтолцоонд шилжих тухай ярьж байна. Энэ нь эдийн засгийн төдийгүй ёс суртахууны шинэчлэл юм.
Мөн хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хуулийг хэлэлцэв. Өөрөөр хэлбэл иргэн төрөөс гадна өөрөө ирээдүйгээ бэлтгэх боломжтой болох нь. Дэлхийн хөгжингүй орнуудын аль хэдийнэ туулсан замыг Монгол Улс араас нь дагах гэж оролдож байна.
Нэг үгээр хэлбэл энэ өдрийн хуралдаан Монголын төр яг ямар асуудалтай нүүр тулсныг харуулав. Хүүхдийн хоол, гэр бүлийн тогтвортой байдал, хүний эрх, сонгуулийн итгэлцэл, тэтгэврийн шинэчлэл, үндэсний өв соёл. Эдгээрийн аль нь ч ганц өдрийн санал хураалтаар шийдэгдэхгүй.
Гэхдээ улс орны ирээдүйг тодорхойлдог том асуудлуудыг хэлэлцэж эхэлж байгаа нь өөрөө ахиц. Харин тэр бүхнийг хууль болгож батлахаас илүүтэй амьдрал дээр хэрэгжүүлж чадах эсэх нь жинхэнэ шалгуур хэвээр үлдэнэ.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







