Германы Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер дээрх үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын зоог (State Banquet) дээр хэлсэн юм.
Zogii.mn түүний хэлсэн үгийг ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны сайт болох Der Bundespräsident - с бүрэн эхээр нь орчуулан хүргэе!
Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын хэлсэн үг
Шпреебоген дахь албан өргөө, 2026 оны 10 дугаар сарын 20
Эрхэм ерөнхийлөгч өө, өнөөдөр таныг энд, бидэнтэй хамт байгаад би туйлын баяртай байна. Ердөө хоёр жил хагасын өмнө та манай гэргий бид хоёрыг Улаанбаатар хотод хэзээ ч мартагдахааргүй тийм халуун дулаан уур амьсгалтайгаар угтан авч байсан билээ. Таны энэхүү айлчлалын үеэр бид ч гэсэн тэрхүү зочломтгой зангаа өчүүхэн ч ботугай харуулж чадна гэдэгтээ маш их найдаж байна. Берлин хотод дахин тавтай морилно уу!
Өнөөдөр үдээс хойш бид хоёр орны харилцаа ямар нягт, ойр дотно байгааг бодитоор харах боломж олдсон билээ. Бүр дөрөвний нэг зууны турш Монгол, Германы судлаачид Хархорум хотын туурийг малтан судлахын тулд мөр зэрэгцэн ажиллаж ирсэн юм. Өнөөдөр Берлинд нээлтээ хийсэн "Чингис хаан" үзэсгэлэн нь Ази, Европын соёл болон технологийн солилцоонд "Pax Mongolica" буюу Монголын их амар амгалангийн үе ямар чухал үүрэг гүйцэтгэснийг тод харуулж байна. Энэхүү үзэсгэлэн бол соёлын салбар дахь эрчимтэй хамтын ажиллагааны үр дүн юм.
Бид энэхүү нягт холбооны бас нэгэн гайхалтай үр дүнг өнөөдөр энэ үдэш энд шууд мэдэрч байна. Юутай бахархмаар бэ! Намайг жазз хөгжмийн үнэнч шүтэн бишрэгч гэдгийг нуух зүйлгүй билээ. Тиймээс хоёр орныг хөгжмийн аялгуугаараа холбож буй уран бүтээлч Энжи (Энхжаргал) манай энэхүү уулзалтыг чимж байгаад би туйлын баяртай байна.
Хатагтай, ноёд оо, Монголын олон зуун жилийн түүхтэй, тал нутгийн уудам орон зайг шингээсэн "Уртын дуу" нь жазз хөгжмийн импровизаци (гэнэтийн аялгуу зохиомж)-той нэгдэхэд юу болно гэж та бодож байна вэ? Түүний үр дүнд дэлхий ертөнц урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй тийм цоо шинэ, өвөрмөц аялгуу бий болсон юм. Энэ нь дан ганц Монголынх ч биш, бас барууных ч биш, харин цоо шинэ зүйл билээ. Энжи нэгэн өдөр Улаанбаатар дахь Гёте институтийн хөгжмийн лабориторид санамсаргүй зочилсон нь үнэхээр том хувь тохиол байлаа! Тэрээр тэндээс жазз хөгжмийг нээн илрүүлж, түүнийгээ өөрийн бага насны уламжлалт дуу хоолойтой хослуулсан юм. Энжигийн хөгжимд анх харахад огт өөр мэт санагдах хоёр ертөнц хоорондоо уусан нэгдэж, шинэ соёл болж байна. Өнөөдөр түүний хөгжим Монгол, Германаас ч халиад, монгол хэлээр ганц ч үг мэдэхгүй тийм олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж чадаж байна.
Жазз хөгжим гэдэг нь бие биенээ сонсох, бусдад орон зай үлдээх, мөн төгсгөл нь үргэлж тодорхой биш байдаг тийм зүйл рүү зоригтой алхан орохыг хэлдэг юм. Эдгээр чанарууд нь ардчилсан нийгэмд ч яг адилхан шаардагддаг билээ. Учир нь эрх чөлөө гэдэг нь зөвхөн өөрийн дуу хоолойг гаргахыг хэлэхгүй, бусад хүмүүсийн дуу хоолойг сонсох боломжийг олгохыг ч мөн хэлдэг юм.
Монголын ард түмэн 1990 онд, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын (БНАГУ) иргэд эрх чөлөөгөө олж авснаас ердөө хэдхэн сарын дараа өөрсдийн эрх чөлөөг тайван замаар олж авсан билээ. Эрх чөлөөгөө олж авснаар, Эрхэм ерөнхийлөгч өө, танай улс өөрийн дуу хоолойг дэлхий дахинд дахин тунхагласан юм. Монгол Улс тэр цагаас хойш өөрийн ардчилсан замыг сонгож, улс төрийн ирээдүйгээ өөрсдийн гарт авсан билээ. Герман улс энэхүү түүхэн замд ардчилсан институтийг байгуулах, хууль дээдлэх ёсыг тогтоох, засаг захиргааны чадавхыг бэхжүүлэх болон нийгмийн солилцоог дэмжих зэргээр Монгол Улсыг үргэлж дэмжиж ирсэн юм.
Танай улс энэхүү замаараа маш итгэл төгс алхаж байна. Хооронд маань 6000 гаруй километрийн зай байгаа хэдий ч бид маш ойр дотно түншлэлээ хадгалсаар ирлээ. Найдвартай түнш гэдэг урьд урьдынхаас илүү чухал болсон энэ цаг үед бид эрх чөлөө, хүний эрх, хуульт ёс болон дэлхийн улс орнуудын өөрөө засаглах эрх чөлөө гэсэн нэгдмэл үнэт зүйлсдээ үнэнч хэвээр байна. Бид эдгээр үнэт зүйлсийн төлөө НҮБ болон олон улсын тавцанд харилцан итгэлцэл, нягт хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Энэ нь 2024 оны 2 дугаар сард миний Монголд хийсэн айлчлалын үеэр баталгаажсан Стратегийн түншлэлийн харилцаанд тод туссан билээ.
Бид энэхүү түншлэлээ шинжлэх ухаан, соёлын салбараас гадна олон улсын дэг журам, олон талт институтиудыг бэхжүүлэх, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын тэмцэл зэрэг олон салбарт улам өргөжүүлэхийг хүсэж байна. Эрхэм ерөнхийлөгч өө, таны санаачилсан 2030 он гэхэд "Тэрбум мод" тарих хөтөлбөр нь ирээдүйн төлөөх энэхүү амлалтын тод илрэл юм. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн өнөөдрийг биш, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээж буй хариуцлагыг харуулж байна. Ийм төлөвлөгөө гаргаж буй хэн бүхэн ирээдүйг цогцлоож байна гэсэн үг юм.
Эрхэм ерөнхийлөгч өө, би таныг над шиг жазз хөгжимд дуртай эсэхийг яг таг мэдэхгүй байна. Гэхдээ таныг залуудаа өөрийн байгуулсан рок хамтлагтаа гитар тоглодог байсан гэдгийг нэгэн "жижигхэн шувуухай" надад шивнэсэн юм. Энэ нь намайг үнэхээр гайхшруулсан шүү. Гэхдээ таныг пиджакаа ч тайлалгүйгээр 100 кг жинтэй туухайг (штанг) 20 удаа шахаж чадсан гэдгийг сонсоод би бүр ч их биширсэн. Би лав үүнийг тань дуурайж зүрхлэхгүй байх. Тиймээс штангийн оронд би өөрийн хундагаа өргөхийг илүүд үзэж байна – таны эрүүл мэндийн төлөө, Монгол, Германы ард түмний сайн сайхны төлөө болон манай хоёр орны хооронд үүсэж буй шинэ холбоо харилцааны төлөө хундага өргөе.
Герман-Монголын найрамдлын төлөө! (энэ хундаганы үгийг тэрээр монгол хэлээр хэлсэн юм).
ТАТАР МАЙДАР







Улс төр



