Намрын намуухан шаргал өдөр. Өвлийн хүйтэн өдрүүд хаяанд ирчихсэн ч боломж олгох мэт хаа нэг тохиох дулаахан өдөр. Энэ өдрийн дулааныг ашиглан салхилах хүмүүсийн цуваа Богд уул тийш хөвөрнө. Сэтгүүлч миний хувьд ч гэр бүлийн хамт Богд уулыг зорьж, ажлын өдрүүдийн стресс ядаргаагаа тайлж басхүү хөнгөхөн спорт хийхээр явлаа. Өмнө нь Богд уулын өвөрт байрлах амралтын газрын машины бяцхан зогсоолд зай олддоггүй бэрхшээлтэй байсан бол өдгөө хоёр ч том машины зогсоолыг бий болгосноор ядах юмгүй машинаа байрлуулчихав. Нийгмийн байдлаас тэрүү аль эсвэл мэргэжлээсээ шалтгаалаад уу нэг л өөнтөгч болчихсон зан минь энэ удаад “болж байна” хэмээн дотооддоо эрхий хуруу гозойлголоо.
За тэгээд уул руу моддын гүн рүү орохоор хүмүүсийн их урсгалд нийлэн алхлаа даа. Энэ хугацаанд юу гэж зүгээр байхав, зүг нийлэн алхагчдаа ажиглалаа. Ихэвчлэн бага насны хүүхдүүдээ хөтөлсөн эцэг эх, спорт гутал өмсөж, уулын таяг тулсан дунд насныхан харагдана. Бага насны хүүхдүүдийн хувьд энэ сайхан өдрүүд яалт ч үгүй алдаж боломгүй агшин. Тэгээд ч тун удахгүй нүүрсний гашуун утаанд нэрвэгдэж, ханиаданд дарлуулна. Энэ өдөр ахиад “эрхий хуруу” гозойлгомоор зүйл байсан нь дунд сургуулийн охид хөвгүүд хэсэг бүлгээр ууланд алхаж байгаа нь олноор ажиглагдсан юм. Бидний шинэ үе ийм багаасаа эрүүл мэнддээ анхаарч, байгаль дэлхийдээ ойр байна гэдэг юутай олзуурхмаар билээ.
Гэтэл модод руу орохын наахан талд амралтын газрын хогийн цэгт асар их хогон овоо харагдаадахлаа. Уг нь хогийг машинд зориулан хар уутанд уутлан тавьсан хэдий ч муухай дээр нэрвэдэг монголчууд бидний зан юм хойно тэрүүгээр явагсад хогоо замбараагүй шидлэх нь харагдана.
Салхи гарвал эдгээр сул хог мод руу бас гол руу хийсэхэд бэлэн. Хүн гэдэг үнэхээр сонин амьтад юм. Цэвэр агаар амьсгалах гэж ийш зорьчихоод тэр цэвэр ариун байх ёстой орчноо өөрсдөө бохирлон хог хаяцгаах нь ойлгоход дэндүү бэрх. Өнөөх тайвшрах ёстой тархи маань эргээд л бухимдлаар дүүрчих юм.
Ийнхүү элдвийг бодон алхсаар ой мод руу орлоо. Тэр навчсын өнгө, тэр агаарын сайхан үнэр, модод дамжин гүйх хэрэм юутай сайхан зохицол, юутай гайхам тайвшрал вэ? Хүн төрөлхтний амь амьдрал байгаль дэлхийгээсээ хамааралтай гэж юутай үнэн үг вэ? Шунан шунан агаар сорсоор, моддын гүн рүү улам тэмүүлэн алхсаар… Тархи дотор хуралдаад байсан уур бухимдал хаашаа ч юм замхаран оджээ. Юутай сайхан мэдрэмж вэ?
Гэтэл уул өөд өгсөх зам маань олон салаа болон хуваагдсаар байв. Уулын оргил ганц боловч яагаад ямар учраас ийм салаа замыг үүсгэсэн юм бол хэмээн гайхсаар дээш өгслөө. Бидний алхах жимийн хөрс хүний хөлөөр элэгдсээр бараг л засмал зам мэт гөлийж гөлтийжээ. Зарим уулын ус нэвчсэн хэсгээр халтиргаа үүсэхээр болж. Халтираад унавал хөл гар зулгалж мэдэх овойсон хад чулуунууд хөрснөөс олноор ил гарчээ. Ийнхүү цааш хэд алхтал бидний явж буй жимээр модны үндсүүд ил гарсан харагдана. Бидний биед хамгийн их ил харагддаг гарын судас шөрмөс мэт гүрийсэн үндсүүд алхагчдын хөлөөр талхлагдан гүрдийнэ. Дэндүү өрөвдмөөр халаглаж, нүд халтирмаар дүр зураг. Газрын хөрснөөс өчнөөн олон метрийн гүнд байх ёстой үндэс ингээд ил гарчихсан байна гэдэг бид хөрсийг хэр зэрэг талхалж үгүйрүүлснийг тэмдэг аж.
Цааш алхах хүсэл үнэндээ төрсөнгүй. Алхлаа гээд хаагуур ч явах билээ, гишгэх тоолонд ёолох мэт тэр л эмзэг судлууд өр өвтгөнө. Мод үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн дөрвөн гол зүйлсээс бүрдэж, үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээлээ авч их бие, навч мөчир рүүгээ дамжуулдаг. Гэтэл бидний нүд баясгаж, тархи амрааж, сэтгэл тайвшруулдаг эдгээр моддын хамгийн эмзэг, хамгийн нандин хэсэг нь “ухаант” хэмээх тодотголт хүмүүн төрөлтний хөлд нухчин үнгэгдсээр.
Богд уулын нийт талбайн 53,1 хувь нь ой, үүнээс шинэс 60,8, хуш 18,8, гацуур 15,4, хус 2,6 хувийг эзэлдэг. Нийслэлчүүд бидний “үйлдвэрлэдэг” агаарын бохирдлын тэн хагас нь Богд уулын ойн санд шингэдэг гэдэг. Хэчнээн үнэ цэнээр ч хамаагүй хамгаалж үлдэх ёстой их өв ингэж сүйрч байгааг ухаарах ухаан бидэндээ үнэндээ алга.
Энгийн сэтгүүлч надад байгаль экологийн тухай мундаг мэдлэг байхгүй ч үндэс нь ил гарсан моддод удаан амьдрах өдөр хоног үлдээгүй мэт санагдана. Дөрвөн уулсын дунд амьдрагч нийслэлчүүд бидэнд хамгийн ойр цэвэр агаар амьсгалж, амарч зугаалах боломжтой газар бол Богд уул. Богд ууланд жилийн дөрвөн улиралд аялагчдын хөл тасардаггүй бөгөөд өдөрт 10 мянган гаруй хүн амарч зугаалдаг тоо бий. Гэвч бид наргиж зугаалахаас биш, хан Богд уул маань үндэс, судсаа тасдуулж мөхөж дуусах гэж буйг мэдрээгүй л явна.
Таван аймгийн 37 сум Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран урсдаг асан Хатан Туулын амь мөн л хүн бидний буруутай үйл ажиллагаагаар үгүй болоход тун ойрхон буй. Хан Богд уул, Хатан Туул гол үгүй бол нийслэлчүүд бид хэрхэн амьдрах билээ.
Хүнд бодол тээсээр уулнаас уруудан бууж ирэхэд нялх хүүхдүүддээ тэвэрсэн залуу хосууд бидэнтэй зөрөөд модод руу орлоо. Яагаад ч юм тэдэнд буруу өгөх арга үнэндээ алга. Үр удмыг минь залгихаар тэмүүлэх хорт утаа, агаарын бохирдлоос хэсэгхэн ч болов нуугдах энэ л ой руугаа тэмүүлэхээс өөр яалтай ч билээ.
Харин бүгдээрээ өөрөөсөө өөр бусдыг хайрлах сэтгэлтэй байцгаая. Бусдыг хайрлах хайр эргээд өөрт ирдгийг санаж, Хан Богд уулынхаа эс ширхэг бүхнийг хайрлая. Та ширхэг мод тарихгүй юм гэхэд ядаж ууланд гаргасан нэг л жимээр явж заншаарай. Төр засаг ч мөн эцэг уулаа анхааралдаа авч, ард иргэдийнхээ амарч зугаалах нөхцөл боломжийг хангаасай.
Мэдлэгтэй хүн бусдаас нэг алхмын өмнө алхдагийг санан үр хүүхэддээ зөвийг үлгэрлээрэй. Хүн төрөлхтөн бид байгаль эхээсээ хамааралтай билээ.
Зочин
2020-09-28
ym bvriig bitii uul hvmvvs baigald *** hayahgvi geed tsugluulaad irsen ***iig ha***h hantai ***iin punker udur udurt n achih mashinaa tur zasagtaa l hel