Цаг үеийн мэдээ

Зөвийг бал мэт амтархан дэмжиж бурууд хатгуур мэт байх уриатай манай редакци 2024 оны онцлох "АМАРГҮЙ" 24 үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

1. Амьд харих баталгаагүй АЛБА ХААГЧИД 

Дэлбэрч гурав, угаартаж нэг, живж нэг алба хаагч амиа алдав. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнийн 01:05 цагийн үед их хэмжээний газ буюу шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан автомашинтай “Ниссан патрол” маркийн автомашин шүргэлцсэнээс хүчтэй дэлбэрэлт болж 3 алба хаагч амиа алдсан. 

-Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт гал гарч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн нэг алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан.

-Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын харьяа Баян-Адарга сум дахь Эрэн хайх аврах салбарын аврагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдаж нийт энэ онд 5 алба хаагч харамсалтайгаар амиа алдаад байна.

2. Өрийн БОНДУУД 

Нийслэл хот нийтдээ 2.2 их наяд төгрөгийн бондыг энэ жил гаргасан. Энэ оны зургадугаар сард “Улаанбаатар бонд”-ыг гаргаж, зургаадугаар сарын 25-ны өдөр анхдагч арилжаагаа хийсэн. Тус бондоос боссон 500 тэрбум төгрөгийн 300 тэрбумаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 150 тэрбумаар авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажил, 50 тэрбумаар Ариутгах Бохир усны Туул-1 коллектор болон үерийн байгууламж байгуулахад ашигласан. Тэгвэл арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот гадаад зах зээлээс 7.71 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд босгосон. Хаалттай байдлаар гарсан уг бондыг хоёр жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулна. Гадаад бондын мөнгөөр Сэлбэ дэд төвийн бүсэд 12 мянган айлын орон сууцны цогц хорооллыг "20 минутын хот" концепцийн дагуу барьж байгуулна. 

3. ШОРВОГ хязгаарлалт 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон бусад дагаж мөрдөх албан ёсны баримт бичиг, журмуудаар нийслэлчүүд нийт 20 гаруй хязгаарлалт дунд амьдарч байна. Тухайлбал, тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй байхаар хязгаарлаж, автомашины татварыг нэмэв. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, автозамын татварыг нэмсэн. Түгжрэл нэмж байгаа гэх шалтгаанаар хувийн таксичдыг таван сая төгрөгөөр торгохоор болов. Орон нутгийн дугаартай автомашинаас хоног тутам 5000 төгрөг хураана. Гудамж талбайд худалдаа эрхлэхийг хориглож, хөдөлгөөнт үйлчилгээнд хязгаарлалт хийв. Зөвшөөрөлгүй автозогсоол ажиллуулахыг хориглож, торгуулиа төлөөгүй автомашинуудыг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлав. Түүнчлэн түүхий нүүрсний хориг, цахилгааны хязгаарлалт гэх мэтээр хязгаарлалтууд цааш хөвөрнө. 

4. Сонсдоггүй сонсголууд ба ШҮҮХ  

Улс орныг 44 их наядаар хохироосон гэх Нүүрсний хэргийн сонсгол 7 хоног болж өнгөрсөн. Ерөнхийлөгч аснаасаа авахуулаад, сайдууд, УИХ-ын гишүүдийн нэр, төрийн алба хаагчид, хэлтсийн дарга нар, санхүү аудит, хурган төлгөн бүхий л дарга нартайгаа дуудагдсан. Гэвч хариуцлага тооцох болоход 15 хоног шүүх хуралдаан үргэлжилсэн. Ингээд 66 хүнд ял оноох шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр гаргасан байдаг. Нэрс нь дуудагдсан гэрчүүдээс хэн ч ял аваагүй. Харин ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 этгээд ял авав.

-Ногоон автобусны хэрэг үргэлжилсээр... Нөгөө үргэлжлэлийг ОРИ-гоос гэдэг шиг. Сонсгол нь аль тавдугаар сард 98 гэрчтэй хоёр өдөр үргэлжилсэн ч Шүүх хурал нь өдийг хүртэл хойшилсоор. АТГ-ын шалгалт болон Шинжээчийн дүгнэлтээр автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн болох нь тогтоогдсон байдаг. Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Нийтийн тээврийн газрын дарга нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагдсан. Шүүх хурал нь ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хойшлоод байна. 

-Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсгол тавдугаар сарын 29-ний өдөр эхэлж, 105 гэрч дуудсан. Хоёр өдөр сонсгол явагдсан ч одоогоор хэрэг шалгагдах явцдаа байна. 

-Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд хийсэн. 10 жил дамнасан Хөгжлийн банкны хэргийг энэ жил Дээд шүүхээс зарим хэргийг нь задлан тусад нь авч үзэх, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин шалгах, Давж заалдах шатны магадлалыг үндэслэлтэй, ТУЗ болон бие даан шийдвэр гаргадаг байгууллагын хэргийг тусад нь хэрэг нээн шалгах, Говийн зам компанитай холбоотой хэргийг дахин хэлэлцүүлэх, анхан шатны шүүхээс цагаатгаж шийвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд гэм буруугүй гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээх, зарим хүний ялыг хэвээр үлдээх шийдвэрийг энэ оны арванхоёрдугар сарын 11-ний өдөр гаргасан. 

5. Алс хэтийн МЕГА 

Улаанбаатарыг Метрополитан хот болгох мега төслүүдийг энэ жил эхлүүлэв. Богд уулаа нүхэлж туннел гаргаж, ган татлагат гүүр барьж, тойрог хурдны зам хийж агаарын дүүжин тээврээр зорчиж, эрчим хүчээ хязгаарлуулдаг бус экспортолдог, түгжирдэг бус 20 минутад тойрдог хот болно гэв. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар нэн тэргүүнд дараах төслүүдийг хөдөлгөхөө мэдэгдсэн. Тухайлбал, Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урттай метро, Яармагаас Хархорин хүртэл 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр”, "Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүд. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хороололыг байгуулна гэв. Түүнчлэн Дулааны II, III цахилгааны станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг өргөтгөхөө мэдэгдлээ.

6. Зам биш АМЬДРАЛ ТҮГЖИРЛЭЭ 

Нийслэлийн авто замын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг жилд 2.7-3.87 их наяд төгрөг байдгийг олон улсын мэргэжлийн байгууллага судлан тогтоосон. Энэ нь нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувь, улсын хэмжээнд 9 хувьтай тэнцэх хэмжээ. Нэг иргэн жилд дунджаар 717 цагийг түгжрэлд алдаж байгаа нь дэлхийн бусад хотуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Зөвхөн түгжрэлд зарцуулагддаг шатахууны хэмжээ 60-80 сая литр. Энэ нь 100-120 тэрбум төгрөгийн нэмэлт зардалтай дүйцнэ. Түгжрэлийн улмаас нийтийн тээврийн ашиглалт буурч, дэд бүтцийн шинэчлэлийн зардал 150-200 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Түгжрэлээс улбаатай 4000 орчим хүн эрүүл мэндийн асуудалтай нүүр тулж байна. Түгжрэлийн улмаас нэмэгдэж буй хорт бодисын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Түгжрэлд зогсож буй автомашинаас жилд 300.000-400.000 тн нүүрстөрөгч ялгардаг. 

7. Утаанд өргөсөн 39 АМЬ  

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн түргэн тусламжийн төв болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад угаарын хийн хордлогын 1988 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 39 нь нас барсан дуудлага мэдээлэл байсан гэх тоон мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өгч байна. Өнгөрсөн онуудад утааг бууруулах ажилд зориулан 

2021 онд 30.9 тэрбум төгрөг, 

2022 онд 34.5 тэрбум төгрөг, 

2023 онд 39.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин ирэх оны төсөвт агаар орчны бохирдлыг бууруулахад 60 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

8. ГУЛГАА төрийн наадам 

Баяр наадмын үеэр үргэлжилсэн бороо орж, гол горхи үерийн түвшинг давж, 101 иргэн усанд осолджээ. Борооны улмаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгэнд халтиргаа үүсч, бөхчүүд харамсалтайгаар гэмтэв. Тавын даваанд хүч үзэж байсан Улсын заан Б.Пүрэвсайхан халтирснаас гуяны мах нь тасарч, эмнэлэг рүү хүргэгдсэн. Төв цэнгэлдэхэд 43 жилийн дараа Дархан аварга төрсөн нь Намсрайжавын Батсуурь байлаа. Наадмаар амжилттай барилдсан 48 бөхөөс допингийн шинжилгээ авахад аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допинг илэрч, улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон. 

9. Цагаан тугнаас амь өрссөн ОЛИМП 

Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олимпод манай улс цагаан туган дор орох эрсдэлээс аврагдлаа хэмээн мэдэгдэж байлаа. Манай улс энэ жил хамгийн олон буюу 32 эрх авч, спортын есөн төрөлд өрсөлдсөн. Ингээд жүдо бөхийн төрөлд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Харин паралимпод 12 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөн нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт үзүүлэв. Гэвч сайны хажуугаар садаа мундахгүй Пара жүдод өрсөлдсөн нэг тамирчнаас долдугаар сарын 29-ний өдөр допингийн төрлийн шинжилгээ авахад сэжигтэй тохиолдол илэрч, эл хэргийг уг тамирчинд болоод Паралимпын холбоо, Паражүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг зэрэг холбогдох бүхий л байгууллага хувь хүнд МОНАДО-гоос мэдэгдсэн ч үл хайрхран Паралимпод авч явсан байна. Улмаар уг тамирчин өөрөө мэдээлэл авчихсан мэдэж байсан хэдий ч Олимпын тамирчдын хотхонд орчихсон бэлтгэл хийгээд, бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан байжээ. Уг хэргийг мэдсэн даруйдаа МОНАДО яаралтай мэдээлэл өгч, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч тус тамирчинг татамид гаргаагүй байна. Хэрэв тус тамирчин паралимпод сэргээш хэрэглэснээ мэдсээр байж гарсан бол бид 2028 оны паралимпын төрөлд өрсөлдөх эсэх нь эргэлзээтэй. Мөн өнгөрсөн паралимпод ч эрсдэл учирч, Цагаан туган дор улсынхаа нэрийг дуудуулах эрхгүй болох нь энүүхэнд байх байлаа. Паражүдо бөхийн холбооны тэргүүн, салбарын сайд нар нь энэ талаар тодруулахад “Тийм мэдээлэл аваагүй. Мэдэхгүй” гэх хариуг өгч байсан нь эмгэнэлтэй. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр бид “Паралимод амь аврагдав”. 

10. Авлигын ГЭРЭЛ АСЛАА 

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа буюу Шил, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шүгэл гэх ажиллагаануудыг эхлүүлсэн. Гэвч уг ажиллагаа Бадамжунайгаар эхлээд Бадамжунайгаар дуусав бололтой. 5ш ажиллагааны хоёр жилийн ойгоор Монгол улс авлигын индексээр 5 байраар ухарч, Монголын авлигын бэлэг тэмдэг болсон “Авлига хороолол”-ын барилгын ажил шувтарч ГЭРЛЭЭ АСААЛАА. Хөнжлийн банк болсон Хөгжлийн банкны хэрэг ч Дээд шүүхээс буцав. Мөн дэлхийн хэвлэлүүд Монголын авлигыг онцлов. Тодруулбал, Сү.Батболд гэдэг хүний хөрөнгө мөнгөний асуудал сүн далайг давж, сүмбэр уулыг гаталж, BBC зэрэг дэлхийн том хэвлэлүүд цацаж байна. АНУ-ын эрх баригчид үл хөдлөхийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үеэрээ Сү.Батболд уул уурхайн туршлагагүй компанид 68 сая долларын гэрээ байгуулж өгснийхөө шагналд Нью-Йоркод үл хөдлөх хөрөнгөтэй болсон тухай зарласан юм. 

11. ЗОРИГТОЙ сонгууль 

Монголын улс төрийн сонгуульд, С.Зориг, Эрдэнэт үйлдвэр гэсэн хоёр мөнхийн хөзөр байсаар байна. Тэр ёсоор 9 дэхь удаагийн парламентын сонгуулийн гол сэдэв пи-ар ЗОРИГ хэргийн ярилцлагаар данх шүгэлдэж эхлэв. Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн амийг 26 жилийн өмнө хороосон хэрэг мөрдөн шалгах бүлгийг 6 удаа тараасан, Т.Чимгээ, Э.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж ял тохсон, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан, сахал Д.Эрдэнэбилэг нарын хэрэг 7 жил сунжирсан зэрэг олон жилийн үйл явцын захиалагч, хонгилын эзнээр  Ц.Элбэгдоржийг зарласан  юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Оюун-Эрдэнэ. Өөртөө дурласан эргүү дагз. Бэлдсэн ярилцлага нь 14 телевиз. 15 удаа.” гэх жиргээ, постоороо трэйлер рекламыг нь хийж өгөв. 

126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентыг бүрдүүлэх УИХ-ын сонгуульд 1.4 сая сонгогч саналаа өгснөөр дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн УИХ-ыг байгуулсан юм. МАН үнэмлэхүй ялалт байгуулж 68 суудал авч, АН 42 суудалтай болж, ХҮН 8, Иргэний зориг ногоон нам УИХ-д дөрвөн төлөөлөлтэй болов. 

12. Шинэ парламентын ШИНЭКОВУУД 

Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 78 гишүүнийг сонгож, 48 хүн намын жагсаалтаар төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болов. 126 гишүүний дийлэнх нь буюу 81 нь анх удаа сонгогдсон байна. Шинээр сонгогдсон гишүүд одоог хүртэл хууль тогтоох дээд байгууллагын ёс, дэг, дүрэм журамтай танилцаж, суралцаж амжилгүй алдаа гаргасаар байгаа юм. УИХ-д танин мэдэхүйн дамжаа хэдэн жил үргэлжлэх вэ? 

13. Анхны АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ 

УИХ намраас өвөл хүртэл, Ерөнхийлөгчийн хориг, түүнийг хүлээн авсны дараа хэлэлцэх дэг хэрхэн яаж олох, гишүүд хушуугаараа эсэргүүцсэн зардлаа хуруугаараа бол дэмжих гэх мэт будилж буцсаар улсын төсвөө баталлаа. Улаанбаатар хот, Төв, Завхан аймаг УИХ-ын өмнүүр эрэмбэ дараагаа зөрчиж, хаалттай, яаруу төсөв баталж холион бантан хутгалаа. Монгол гэдэг айл ирэх онд 33.5-ын их наядын орлого, 33.5 их наядын зардалтай байхаар төсөвлөлөө.

14. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин АЙЛЧЛАВ

Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. 

Түүний айлчлалыг он цагийн дарааллаар шүүж үзвэл: 

-В.Путин 2000 онд Монгол Улсад хийсэн анхны айлчлалаараа их өрийг тэглэх талаар анхны яриа хэлцэл хийж байв. 

-В.Путин 2009 оны айлчлалаар Засгийн газар хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

-2014 оны айлчлалаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурав.

-2019 оны айлчлалаар бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулж байжээ. 

15. Төмөр хүлэг унасан толгойгүйчүүд 

Автомашины аймшигт ослууд ар араасаа гарсан жил байлаа. 

-Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо буюу Хайлаастын нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гарцаар гарч явсан долоон хүнийг мөргөж, 16 настай охин газар дээрээс нас барж, зургаан хүн хүнд гэмтсэн. Үүнээс зургаа нь хүүхэд байв. 

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул нь энэ оны долдугаар сарын 30-ны өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

-Энэ оны аравдугаар сарын 13-ны өдрийн 14:50 цагт “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол болж, 2 хүн нас барсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

-Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Вива ситигийн урд замд явган хүний гарц дээр хүн мөргүүлчихлээ гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 22-ны өдрийн 19:05 цагт бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар ослын улмаас явган зорчигч иргэн гарцан дээр мөргүүлж, амь хохирсон нь тогтоогдсон. 

- Нийслэлийн ХУД-ийн 5 хороо Яармагийн "Номин" худалдааны төвийн урд зам дээр хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 08:05 цагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас 1 иргэн нас барсан байна. Тухайн өдрийн орой 19:00 цагт Баянзүрх дүүргийн 22 хороо офицеруудын ордны урд зам дээр нэг автомашин гурван хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын явцад тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж явган хүний гарцаар гарч явсан 5 иргэнийг мөргөж гэмтээсэн. Урьдчилсан байдлаар тухайн жолооч согтуу байсан нь тогтоогдоод байна.  

16. Цуврал алуурчин ба МУММИ 

Хэд хэдэн жигшүүрт хэргүүд энэ онд гарлаа.

-Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 20 настай эрэгтэй Б нь СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон. Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь тогтоогдсон. Хэргийн шалгалт үргэлжилж байгаа. Уг этгээд нь дахиад ч хүний аминд хүрсэн байх магадлалтай аж. Тухайн этгээд одоогоор хоригдож байна. 

-Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн Б /47 настай эрэгтэйтэй/ гэх этгээдтэй хамт амьдарч байсан иргэн Ц нь нэгдүгээр сарын 18-аас хойш сураггүй алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 21-нд бүртгэгдсэн. Уг этгээд мансуурсан үедээ хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсоор нь нохойгоо хооллосон байж болзошгүй. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

-21 настай найз охиноо согтуурсан үедээ дайрч хүнд гэмтээсэн хэрэг энэ оны тавдугаар сарын 4-ний өдрийн орой гарсан байдаг. Улмаар эмнэлгийн тусламж шууд үзүүлэлгүй гэртээ хонуулж цаг алдсан, эмнэлгийн тусламж хүсэх үед нь баашиллаа хэмээн гар хүрсэн зэргийг ар гэрийнхэн нь мэдээлсэн. Хохирогч 21 хоногийн турш эмнэлэгт эмчилгээ хийлгэж, найман удаагийн хагалгаанд ороод өвчнөө даалгүй тавдугаар сарын 25-ны өдөр нас барсан. Тухайн этгээдийг мөрдөн шалгах ажиллагааг гадуур хийж байгаа гэх мэдээлэл бий. 

-Хотын даргын шийдвэрээр Туул, Сэлбэ, Бэлх голын бургас лаг шаврыг цэвэрлэх ажил эхэлсэн. Энэ үеэр буюу цэвэрлэгээний ажлын явцад нэр, нас тодорхойгүй удаан хугацаанд байсан цогцос гарч ирсэн. Тухайн хэргийг мөн л шалгаж байна. 

17. Шинэ 30 жилийн сүүлчийн “СУМ”  

- Засгийн газар огцор гэх жагсаалын өмнө төсөв хэлэлцэх үед ч  ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар хийсэн уулзалтад ч сураггүй байсан  ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус хурал зарлаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж хууль зөрчин ногдол ашиг тараалаа. Улс төрийн хүрээнийхэн дунд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй таарамжтгүй харилцаатай байгаа гэх яриа ч чих дэлсээд байгаа юм.   

18. Дуучин, жүжигчин ДЭГЛЭЭЧИД 

- СУИС-ийн оюутнууд нэгнээ дээрэлхдэг талаар хээв нэг нэвтрүүлэгт ороод бахархал болгон ярьсан нь газар авч урлагийнхны увиагүй байдлыг олонд илчилсэн. Түүний эхлэл энэ оны гуравдугаар сард жүжигчин Мишээл, Жерри, Номин нар ангийнхнаа болон нөгөө ангийнхан, доод курсийнхнээ дээрэлхдэг, мөнгө нэхдэг байсан мэдээлэл ил болсон. Араас нь Секс цагаан Богд нэрээрээ олны танил болсон артист Б.Гантулга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охиндоо гар хүрч, загнаж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Ерөнхий Сайдын залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Гантулга нь энэ сарын 2-ны өдөр тус ажлаа өгчээ. 

-Халловены баяраар чихэр гуйж хаалга тогшсон жаалуудыг шүдэнз зурагчаараа алдаршсан жүжигчин Б.Амарсайхан лифтэнд зодож танхайрсан үйлдэлд нь 300 мянган төгрөгийн торгууль оногдуулсан. 

- Этикийн этикгүй жүжигчдийн кино зурагт авч явсан залуу жүжигчдээ элдвээр дээрэлхэж, элдэв бичлэг хийсэн нь задарч, эцэстээ өөрсдийгөө өмөөрсөн маркетинг болоод дуусав. 

- Зургадугаар сард CU-гийн ажилтанг цохиж буй бичлэг нь саяхан задарч, бид эв зүйгээ олсон. Тухайн бичлэг цагдаагийнхан болон CU-гийн удирдлагуудад байсан ч санаатайгаар тараалаа гэх ухааны мэдэгдлийг хийгээд байсан Рүүкий засарсангүй. Түүнийг сошиал ертөнц согтуугаар машин барьж лайв хийсэн анхны хүнээр тодрууллаа. Тэрбээр 30 хоногоор саатуулагдаад байна. 

-Өчигдөрхөн урлагийнхны бусдад дээрэнгүй ханддаг буухиаг жүжигчин О.Амгаланбаатар үргэлжлүүлж, шинэ жилд оролцуулахаар аваачсан эмэгтэйчүүдийг согтуурсан үедээ архи уусангүй хэмээн элдвээр хэлж буй бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаад байна. Түүний эл үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

19. Циркийн “Эвент ХАЛЛ”

- Дөрвөн жил үүдээ барьсан “АСА” цирк ашиглалтад оров. 2020 оны долоодугаар сараас засварын ажил нь эхэлж ийн өнөөдөртэй золгосон. Улсын циркийн барилгыг хувьчлан авах даа "Дэлхийд гайхагдах цирк болгоно" хэмээн Д.Дагвадорж амлаж байв. Гэвч бүтэн дөрвөн жил хүлээгдсэн бүтээн байгуулалт нээлтээ хийх дээ циркийн зориулалттай биш, “Аса Арена” гэх арга хэмжээний зориулалттай "Эвент холл" болсон. Өдгөө хамтлаг дуучдын тоглолт, сагсанбөмбөгийн лиг, мэргэжлийн боксын тулаан гэх мэт олон арван арга хэмжээ АСА циркт төлөвлөгдөөд байна. Шинээр ашиглалтад орсон циркийн барилга 3400 суудалтай, босоогоор 6000-7000 мянган хүн үйлчлүүлэх боломжтой. 

20. Алтан хувьцаатай УРАНЫ төсөл 

27 жил гацсан ураны төслийг хөдөлгөв. "Орона майнинг" компанитай хийх хэлэлцээрээр Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшиж 24 хувь нь Хуримтлалын санд иргэдийн хадгаламжид шилжинэ

21. Төв талбайн ЭХ ОРОНЧИД 

Уламжлал ёсоор талбайд үг үзэл бодлоо илэрхийлэх жагсагчдын цуваа тасарсангүй. Энэ жил Nowar жагсаал үргэлжилж, дайныг эсэргүүцэн ОХУ-ын элчин сайдын яамны гадаа хэд хэдэн удаа жагссан. Мөн тэд есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгчийг хүлээн авахыг эсэргүүцсээр байсан. 

Утааны эсрэг “Амьсгалмаар байна” жагсаал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болсон. Иргэн Ч.Ганжавхлан энэ сарын 6-ны өдөр өөрийн нүүр номдоо “Хүүхэд нь ханиад хүрээд эмнэлэгт хэвтсэн хүмүүс нөхцөл байдал ямар байгаа талаар коммент хэсэгт оруулна уу” гэсний дагуу 40 минутад 1200 сэтгэгдэл ирсэн. Ингээд тэрбээр шууд талбай руу гарч, утааны эсрэг шийдэл ярь, сонсголыг уулан дээр зохион байгуулъя хэмээн уриалсан. Үүнийг нь олон хүн дэмжиж гурав хоногийн дотор 70 мянга гаруй хүний цахим гарын үсэг цугласан. 

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг эсэргүүцэн иргэд өчигдөр жагсаал хийсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын таван хүн хуулиа эгүүлэн татаад байна. 

22. Хурдтай хөгжлийн НАЙРАА 

-“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэхийн өмнө шинэхэн дээлээ өмссөн сайд нар бялуугаа хувааж фукуок нисэж, тансаг тавилга, эд хогшил авч татварын мөнгөөр жаалав. Мөн Улс орныг гадаадад төлөөлөх элчин сайд, консулын томилгоо гурван намын хөнжил дотор бөгс өгвөл нүүр өгнө  горимоор шийдэгдэж байна.

23. THE MONGOLZ түүх бүтээв 

Цахим спортын авьяаслаг таван залуу монголчуудыг төдийгүй, ази тивийнхнийг омогшуулж чадлаа. “The MongolZ” багийн залуус Counter Strike (CS2) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Perfect word Shanghai Major-2024” тэмцээнд шөвгийн наймд шалгарсан. Ийн тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарсан Азийн хамгийн анхны баг болж, түүх бүтээв. Шөвгийн наймд шалгарсан багуудын бүрэлдэхүүн хоёроос дээш улсын тамирчдаас бүрдсэн бол “The MongolZ” багийн залуучууд бүгд Монгол. Тэд улсаа дэлхий дахинд сурталчилж, мөн өөрсдөө түүх бүтээв. 2024 оны LAN тэмцээнүүдэд “The MongolZ” 155 мап тоглож, 98 цувралд ялж, 50 цувралд хожигдсон буюу хожлын хувь 63 байв. 

24 Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4,9 жилийн хорих ял оноов 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хувь хүний нууцыг задруулсан, худал мэдээлэл тараасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан зэрэг зүйл ангиудаар буруутгаж, нийт 4 жил 9 сарын хорих ял оноосон. Анхан шатны шүүх хурал 2024 оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болсон. Давж заалдах шатны шүүх хурал 2024 оны 11-р сарын 7-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг сэтгүүлчийн өмгөөлөгчид, мэргэжлийн байгууллагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг зэрэг олон тал гаргасан ч шүүхээс хаалттай явуулах шийдвэр гаргасан. Энэ үйл явдал нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй хэрхэн нийцэж байгаа талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хууль зүй дотоод хэргийн яам Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж буй.

 

Таны сурталчилгаа