БНХАУ-ын онлайн худалдааны Алибаба групп 2009 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг "Ганц биечүүдийн өдөр" хэмээн нэрлэж, их хямдралын баярыг зохион байгуулсаар ирсэн.
"Ганц биечүүдийн" баярын өдрийг Хятад улсад 1990 оноос эхлэн тэмдэглэх болсон бөгөөд энэхүү тоололд нэгийн тоо дөрвөн удаа давхцаж байгаа учраас баярыг 11-р сарын 11-нд тэмдэглэдэг болжээ. Энэ өдөр олон хүмүүс хоорондоо танилцаж шинэ харилцааг үүсгэдэг байна. Мөн ганц бие хүмүүс найзуудтайгаа кофе ууж, ресторанд хоол идэж бие биедээ бэлэг өгч баярладаг.
Ali Express-ийн хурдан шуурхай үйлчилгээ, бодит хямдралын энэ өдрийг дэлхий даяараа хүлээдэг болжээ. Жишээлбэл өнгөрсөн жил гэхэд "Alibaba group" 30 тэрбум долларын худалдаа хийж АНУ-ын ижил төстэй “Cyber Monday” хямдралын арга хэмжээний 7.9 тэрбум долларын борлуулалтыг хол хаясан байна.
Хамгийн том хямдралыг үзүүлдэг энэхүү баярт бараа бүтээгдэхүүнүүд 80 хүртэл хувь хямдардаг байна.
Өнгөрсөн шөнийн 00:00 цагаас эхэлсэн энэ жилийн баяраар эхний нэг цагийн дотор 91.2 тэрбум юаний (13 тэрбум доллар) борлуулалт хийснийг тус компаниас мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны баярын эхний нэг цагийн худалдааны хэмжээнээс 32 хувиар өссөн үзүүлэлт юм.
2019 оны “Ганц биечүүдийн өдөр”-ийн нээлтэд Америкийн поп од Тэйлор Свифт оролцож, уран бүтээлээ толилуулжээ. Энэ жилийн арга хэмжээний нээлтэд Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Ма анх удаа оролцоогүй байна.