Снукер бильярдын зургаан улаантай Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 21-нээс 25-ныг дуустал Монголд болж буй билээ.
Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол, БНХАУ, Кипр, Герман, Хонконг, Энэтхэг, Иран, Ирак, Израил, Япон, Оман, Пакистан, Польш, Сингапур, Катарын 40 тамирчин хүч сорьж буй. Манай улсаас эрэгтэй 10 тамирчин өрсөлдөж байна. Тэднээс Б.Батсүх, Э.Тэмүүжин, Т.Лхагвасүрэн нар хасагдах шатанд шалгарчээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ, Герман, Хонконг, Энэтхэг, Польш, Монголын 25 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Манай улсаас Б.Нарантуяа тэргүүтэй зургаан тамирчин өрсөлдсөнөөс Б.Нарантуяа хэсгийн шатанд хоёр хожсон үзүүлэлтээр хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.
Б.Нарантуяа хасагдах шатанд Энэтхэгийн Анупама Рамачандраныг ялбал шөвгийн наймд Энэтхэгийн Видья Пиллайтай өрсөлдөнө.