Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ямар хэргээр 4.9 жилийн хорих ял авсан талаар уг хэвлэлийн хурлыг хийжээ. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Р.Булгамаа өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байсан талаараа ярив. Учир нь хэрэгтэй холбоотой зарим зүйл дээр маргаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаагаа дурдсан. Иргэн Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан мэтээр тодотгосон гэдгийг тэрээр ярилаа. Мөн Н.Өнөрцэцэгийг гурван өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох саналыг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажилд саад учруулсан гэж үзэж байгаа үндэслэлгүй, хүний эрхийг дордуулсан өрөөсгөл шийдвэр гэдгийг тайлбарлав.
Хуулийн дагуу гурван шатны шүүхээр хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийддэг ч, Н.Өнөрцэцэгийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэдгийг онцоллоо. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг нягталж, өмгөөлөгчдийн гаргаж буй хууль зүйн үндэслэлүүд, хүний эрхийг дордуулсан тодорхой асуудлуудыг авч үзэж шийдвэр гаргана гэж найдаг байгаагаа ярив. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид давж заалдах шатны гомдлоо хүргүүлсэн, хурлын тов гармагц олон нийтэд мэдээлнэ гэв.