Сүүлийн жилүүдэд эрчүүд, тэр дундаа бэл бэнчин боломжийн тохиолдолд өөрөөсөө олон дүү, үе мултарсан охид/эмэгтэйчүүдтэй болзох нь түгээмэл болсон. Ялангуяа олны танил алдартнууд, Холливудын одууд нь өөрөөсөө олон дүү, үзэсгэлэн төгөлдөр залуу бүсгүйчүүдийг сонгодог нь бичигдээгүй хууль. Тэгвэл энэхүү трендийн эсрэг алхам хийсэн Киану Рийвзийг “жинхэнэ эр хүн”, “мундаг залуу” хэмээн шагшрах явдал интернет орчинд хүчээ авчээ.
Уул нь энэ бол нэг их хүн гайхаад, шагшраад байхаар зүйл биш юм. Тэгээд ч Кианугийн болзож буй эмэгтэй нь Кианугаас 9 насаар дүү буюу 46 настай гэнэ. Энэ жил 55 настай Киану өөрөөсөө хэт олон дүү биш, энгийн л эмэгтэйтэй болзож байгаа нь ийнхүү шуугиан тарьж байна гэдэг нь нийгэм өөр зүйлд дасал болсны шинж байж мэднэ.
Ер нь Холливудынхны хувьд олон насаар дүү бүсгүйчүүдтэй болздог уламжлал үеэс үед хадгалагдсаар ирсэн байдаг. Тухайлбал Деннис Күэйд 65 настай хэдий ч, 26 настай бүсгүйтэй сүй тавьсан. Майкл Дуглас нь эхнэр Катерин Зита Жонсоос 25 насаар ах. Алек Болдуйн Хилариа Болдуйнаас 26 насны зөрүүтэй. Дэвид Фистер нь сүйт бүсгүй Катерин Макфийгээс 34 насаар ах. За тэгээд Холливудын “мөнхийн ханхүү” гэгддэг Леонардо Ди Каприо нь зөвхөн залуухан Виктория Секретийн супермоделиудтай үерхсээр ирснийг бүгд мэднэ.
Мэргэжил нэгтнүүдээсээ “өөр” сонголт хийсэн Киану нь одоо болзож буй Александра Гранттай олон жил жирийн найзууд байсан гэнэ. 2 сайн найз нууцаар болзож эхлээд нилээд хэдэн сар болж байгаа хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Александра Грант нь 2011 онд Киану Рийвзийн гаргасан “Ode to Happiness” ном дээр нь хамтран ажилласан, авьяаслаг уран бүтээлч төдийгүй, Кианугийн хувийн амьдрал бүтэлгүйтсэн, сэтгэл санааны гүн хямрал, гутралд орсон үед нь хамгийн ихээр тусалсан “хүчирхэг эмэгтэй” ажээ.
Д. Жаргалсайхан