11 дүгээр сарын 8-ны өдөр хуралдсан Их хурлын нэгдсэн чуулганаар зарим элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Зургаан элчин сайдыг шинээр томилж хугацаа нь дуусаж ажлаа өгч байгаа элчин сайд нарын ажлыг дүгнэдэг алдаа оноог цэгнэдэг байх асуудлыг хөндсөн юм. Мөн тамхи, бараа таваар, хар тамхитай холбоотой асуудлыг анхаарч улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ төлөө хариуцлагатай ажиллахыг гишүүдийн зүгээс сануулж байлаа.
Ерөнхийлөгчийн зөвшилцөх албан бичигт, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан. Мөн Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан байна.
Түүнчлэн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж нарыг зөвшилцлөө. Мөн Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Воршиловын Энхболд нарыг зөвшилцөхөөр дэмжлээ.