Цаг үеийн мэдээ

СЭТГҮҮЛЧИЙН НЭГ ӨДӨР

            Энэ долоо хоногийн "Сэтгүүлчийн нэг өдөр" -р бага ангийн багшийг сурвалжлахаар БГД-ийн 13-р сургуулийг зорилоо. Миний хувьд олон мэргэжлийн олон хүмүүстэй уулзаж, ярилцаж тэднийг сурвалжилж явсан. Гэвч энэ олон мэргэжлийн дунд БАГА АНГИЙН БАГШ хэмээх жижигхэн  боловч тод гялалзах шигтгээг анзаарахгүй явснаа энд заавал дурьдах нь зүйтэй болов уу.  Ингээд уншигч та бүхэн Боловсролын тэргүүний ажилтан М.Ариунням багшийн 1-р ангийн бяцхан сурагчидтай нэг өдрийг хамт өнгөрүүлсэн бичвэрийг тухлан уншаарай.

            Өглөөний 7 цаг 50 минут. Сэтгүүлч миний бие сургуулийн бяцхан сурагчдын хамт сургуулийн зүг яаран алхаж явна. Уг нь би албан үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч байтал бяцхан сурагч мэт л "хоцорчих вий" хэмээн яаран адган алхах өөрийгөө гайхлаа. Сургууль гэдэг цаанаасаа л эмх цэгц, хувийн зохион байгуулалтыг шаарддаг учраас энэ юм болов уу? За ямартаа ч хичээлийн хонх дуугарахаас өмнө амжиж ангидаа орж багш болон хүүхдүүдэд саад бололгүй шиг хамгийн хойно суудлаа эзлээд авлаа. 

            Нэгдүгээр ангийн бяцханууд их хөөрхөн юмаа, том том цүнхнүүдээ дааж ядан үүрсээр орж ирэх юм. За тэгээд ангийнхаа хойд хананд байрлах шүүгээнд гадуур хувцаснуудаа хийх гэж "дайн" шахуу юм болно. Том куртикууд нь шүүгээний жижиг нүх рүү орох тун ч дургүй. Чихээд л байна, чихээд л байна бүр дийлэхгүй үед нь багш нь ирж хувцсыг нь хийж өгөх юм. М.Ариунням багш  "тухайн хүүхэд өөрийн насанд тохирсон ажлаа өөрөө л хийх ёстой" гэх зарчмыг баримталдаг учраас  сурагчдынхаа хийх ёстойг өмнөөс хийгээд байхгүй. Гэхдээ аргачлалыг эвтэйхэн гэгч нь хэлээд өгнө.  

            За тэгээд хичээл эхлэхээс өмнө багш хүүхдүүдийг бие зассан эсэхийг асууж, амжаагүй бол заавал явуулж бие засуулна. Тэгэхгүй бол эдгээр "жижгүүд" өмдөндөө бие засах тохиолдол нэг биш удаа гарч хөглөсөн гэнэ лээ. "Гэхдээ энэ асуудал бол юу ч биш 9 сараас өдийг хүртэл бид юм юм л үзнэ шүү дээ" хэмээн багш инээж байна лээ.  Тэр мэдээжийн хэрэг байх. Дөнгөж цэцэрлэгийн босгыг даваад сургуулийн босго алхсан эдгээр 40 жижигхэн ертөнц ёстой л 40 өөр асуудал гаргах биз.

            Ингээд хичээл эхэллээ. Бидний эхний цагийн хичээл "Сурагчийн ёс зүй" хэмээх хичээл байлаа.  Сүүлийн үеийн боловсролын системд шинээр тусгагдсан хичээл бололтой.  Багш "Сурагчийн ёс зүйн" дэвтрээ гаргаарай гэсэн боловч уншиж сураагүй болоод тэр үү цөөхөн хэдэн хүүхэд энэ хичээлийн дэвтрээ таньж ядан гаргах харагдана. Сурагчдын дийлэнх нь "багшаа аль дэвтэр юм бэ?" хэмээн асууцгаана.  Багш дэвтрийнх нь гадуур хавцасласан хавтасны өнгөөр хэлэх бөгөөд цүнхэн доторх дэвтрээ олохгүй зарим нэгнийх нь цүнхнээс дэвтрийг нь гаргаж өгөх юм. Багш хичээлийн эхэнд нэгэн сургамжит үлгэр уншив.  Үлгэрийн төгсгөлд эцэг эхийнхээ үгэнд орохгүй бол эцэст нь юунд хүрдэг тухай үлгэрийн агуулгыг хүүхэд бүрээс нэг бүрчлэн асуух бөгөөд сурагчид бүгд дор бүрнээ часхийтэл хариулах нь өхөөрдөм. Зарим хүүхэд огт өөр зүйл ярих ч багш бүгдийг хүлээцтэй сонсох аж.     Бид ганц хүүхдийнхээ л шулганан ярихыг сонсож тэвчилгүй хэчнээн их тээршаадаг билээ. Гэтэл эдгээр жижигхэн үрсүүд ямар сонирхолтой өхөөрдөм сэтгэж, түүнийгээ хэрхэн илэрхийлж,  ямар мундаг болохыг ээж аавууд лав төсөөлөхгүй байгаа даа.  

            Багш уншсан үлгэрийнхээ үйл явдал дээр ажиллах дүрсүүдийг нэг бүрчлэн тараагаад түүнийгээ хайчилж дэвтэрт наахыг даалгалаа. Хүүхэд бүр дор бүрнээ шуухитнан хайч, цавуу, цаас гурваа эвлүүлэхээр мэрийх нь эгдүүтэй.

БАГА АНГИЙН БАГШИД ЧӨЛӨӨТ ЦАГ БАЙДАГГҮЙ

Бага ангийн хүүхдүүдэд хичээлийг аль болох шинэ сонирхолтой болгож  зааж чадвал хүүхдийн хичээлд идэвхтэй оролцох оролцоо нь нэмэгддэг гэж Д.Ариунням багш хэлсэн. Тиймээс Д.Ариунням багш өөрт зориулагдах, амрах ёстой үдэш бүрийг, мөн амралтын хоёр өдрөө ч будах, хайчлах, наах материалиудыг хүүхдүүддээ зориулж бэлдэж өнждөг юм байна.   

            Хичээл эхлээд бараг 20 минут өнгөрч байхад ганц нэг хүүхэд хоцорсоор орж ирлээ. Хариуцлагагүй эцэг эхийн буруу эдгээр нялх амьтад байхгүйг мэдэх багш уцаарлаж загнахаас илүүтэй өөрөө тэдгээр хүүхдийн гадуур хувцсыг хурдан гэгч нь тайлуулж ширээнд суулгаад дэвтэр номыг нь гаргаж өгөх юм. Энэ үедээ "Бид зөндөө гоё гоё хийчихээд байхад чи хоцроод ирээд хийж чадсангүй, онцгүй байна шүү" хэмээн хэлэх нь тэдний найз ч юм шиг хөөрхөн.

            Хүүхдүүдийг хичээлээ хийж байх зуур багш зүгээр сууна гэж үгүй, ер нь багш хичээл дуустал огт суугаагүй. Тэр хүүхдүүдийн дундуур явж хайчгүй ирсэнд хайч, цавуугүй нэгэнд нь цавуу дөхүүлж өгч бүгдийг хичээлд жигд хамруулахыг хичээх юм. За тэгээд багшийг хэн нэгэнд анхаарал хандуулж байхыг адтай жижгүүд андахгүй, үймэлдэж эхэлнэ дээ.  Гэтэл эдгээр үймүүлэгчдийн сарнисан анхаарлыг төвлөрүүлэх багшийн арга бүүр адтай юм гээч.  Багш хүүхдүүдэд хандан "самбар, хаалга, цонх, самбар" гэсэн үгүүдийг хэлэхэд л хүүхдүүд багшийн хэлсэн зүйлсийг толгойгоо эргүүлэн дагуулж хараад л бүгд самбар дээр эргээд анхаарал нь төвлөрчих юм. Мөн шуугилдаад чимээгүй болохгүй бол "За алив алим үмхээрэй" гэхэд бүгд амаа жимийлгэж хацраа бөмбийлгээд таг болцгоочих юм.  Ер нь "чимээгүй бай, дуугаа аяд" хэмээх загнаж зандарсан үгс хоцрогдсон арга барил болсон нь энэ багшийг үйлдлээс тод харагдана. Аль хэдийн 40 минут өнгөрчээ.

            Бидний дараагийн хичээл Монгол хэл байсан бөгөөд хүүхдүүд хоёрхон сарын хугацаанд эгшиг үсэг болон хос эгшгүүдээ нүдэлж, цээжээр бичдэг болжээ.

ТЭР СУРАГЧДЫНХАА БАГШ БАС ЭЭЖ

- "Хүүхдүүд минь бүгд жигд сайхан уншиж бичиж чадаж байна. Энэ шиг урамтай сайхан юм хаа байхав дээ".

            Д.Ариунням багш ингэж хэлсэн.  Өөрөө хоёр хүүтэй ч тэдэндээ өгөх анхаарал халамж, мэддэг чаддаг бүхнээ бусдын хүүхдэд зориулж зүтгэж яваа багшид ангийнх нь хүүхдүүд сайн сурах шиг том баяр хаа байхав.  

            Хүүхэд цугласан газар дандаа хөөр баяр, аз жаргал хурж байдаг гэж Д.Ариунням багш хэлсэн юм. Нээрээ ч энэ бяцхануудтай хамт нэг өдрийг өнгөрүүлэхэд дандаа хөөрхөн хөгжилтэй зүйлсээр дүүрэн байлаа.  Жишээ дурдвал багш хүүхдүүдийн дундуур явж хичээл шалгаж байгаад нэг хүүг дэвтрээ яагаад урсаныг асуухад хүү "ээж муухай бичлээ гээд урчихсан" гэв.  Мөн багш МУСГЗ зохиолч Д.Маамын зургийг самбарт өлгөөд хүүхдүүдээс энэ хэн гэдэг хүн билээ хэмээхэд нэг охин " Энэ зохиолч Маам байна, даанч үхчихсэн"  гэчихэв.  Мөн наамалаа  огт өөр хичээлийн дэвтэр дээрээ хээвнэг наан суух хүү ч байсан. Энэ бүхнээс авахуулаад буруу бүхнийг зөвд оруулж, будилсан нэгнийг зөв чиглүүлэх бага ангийн багшийн ажил дэндүү их зүтгэлийг шаардах ч  тэр хэрээр хайр энэрлийг буцаагаад авах буянтай мэргэжил ажээ.

            Эхний гурван цагийн хичээл дууссаны дараа хүүхдүүд шуугилдаад хөдөлгөөнд ороод явчихлаа. Анзаараад хартал багш маань хормогч өмсчихсөн савтай каш аягалаад зогсож байгаа харагдлаа.  Гэтэл салаа салаа бүрээс нэг нэг охид хөвгүүд аяганууд барьчихсан бусдынхаа өмнө хичээнгүйлэн тавих юм. Саяхан л хичээл ном чи би гэж байсан багш сурагчид нэгэн гэр бүл мэт болж, үдийн цайгаа уухаар зэхэж буй нь энэ аж.  Хэчнээн хайр хүрэм өхөөрдөм дүр зураг вэ?

            Амьдралынхаа 25 жилийг бага ангийн багшийн ажилдаа зориулж хүний олон хүүхдийг эрдмийн их аянд хөтлөн яваа буянтай энэ эрхэм сургуулийнхаа урдаа барьдаг багш нарын нэг.  25 жил ажиллахдаа нэг ч удаа өвдлөө хэмээн чөлөө авч байгаагүйг нь, нэг ч удаа хичээлээ хоцорч тасалж байгаагүйг нь хамт олон нь дуу нэгтэй хэлж байсан. Үнэхээр шавь нарынхаа төлөө өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чаддаг ажилдаа үнэнч эзэн нь болж чадсан багш гэж түүнийг л хэлэх болов уу.

            "Муу үйлдвэрлэсэн гутлыг засаж, эсвэл хаяж болно. Харин анхнаасаа муу сургасан хүүхдийг засаж засах хэцүү" хэмээн Д.Ариунням багш хэлсэн юм.

            Хүүхдүүдэд хамгийн мундаг хүн нь багш нь байдаг. Тийм учраас багш хүнд алдах, хазгай гишгэх, буруу ярих, салан задгай байх эрх байхгүй.

                       Хүүхдийн суурь хүмүүжил бага насанд тэр тусмаа 1-3 ангид нь тогтдог гэдэг.  Гэхдээ дан ганц багш мундаг байж, багш ганцаар хичээгээд энэ олон айлын хүүхдийг сургана гэдэг хүнд ажил.  Хүүхдийг зөв төлөвшилтэй, сайн мэдлэгтэй хүн болгохыг тулд багш эцэг эх, хүүхэд хэмээх гурвалсан оролцоотой байх нь туйлын чухал санагдсан билээ.

            Би энэхүү бичвэрийнхээ төгсгөлийг эцэг эхчүүдэд зориулан дуусгамаар санагдлаа.  "Миний үр хүүхдийг заавал багш сургах ёстой" гэх нэг тийм сонин хандлага бидэнд бий.  Ийнхүү бүхнийг багшид даатгачихаад "миний хүүхэд муу сурсан бол багшийн буруу, миний хүүхэд хичээлд идэвх муу бол багшийн буруу, миний хүүхдийг ялгаварлан гадуурхдаг багшийн буруутай" хэмээх түмэн бурууг багшид тохдог.   

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дэргэд багшийг муулах нь эргээд хүүхдүүд нь муу үр дагаврыг авчирдаг. Учир нь аав ээж нь багшийг муулж байгаа учраас багш муу хүн гэсэн сэтгэгдлийг бий болгож багшийг үл тоох хандлага хүүхдэд бий болдог байна.

Бид үр хүүхдийнхээ боловсролд хэрхэн анхаардаг билээ?  Та яг одоо бодоод нэг үзээрэй.

            40 хүүхдийг нэг нэгээр нь уйгагүй уншуулах багш "Харахаас хайр хүрэм эдгээр хүүхдүүдийг мундаг хүмүүс болгоно доо багш нь" хэмээсэн юм. Намайг ангиас гарахад багш сурагчид үймэлдээд л ард хоцорсон. Цаг хугацаа гэдэг нүд ирмэх зуурт өнгөрдөг болохоор Д.Ариунням багшийн сурагчид эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн мундаг хүмүүс болсон байх биз ээ.  Багш таны яруу алдар бадрах болтугай!

 

             

 

Таны сурталчилгаа