УИХ-ын гишүүн асан Д. Гантулга 2017 онд 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлт гаргаж чөлөөлөгдөж байсан. Тэгвэл энэ хэрэгт холбогдох шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шийдвэрээ гаргажээ.
Шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноожээ.
Түүнд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин энэ тухай хохирогч С.Наранзаяагийн эгч С. Саранзаяа цахим хуудаснаа өөрийн сэтгэгдлээ бичсэн байна.
""Би худлаа яриагүй. Би хэнийг ч гүтгээгүй. Үүнийгээ шүүхээр нотлуулчихлаа. Д.Гантулгын хийсэн хэргүүдэд яллахдаа хуулийн хамгийн багаар 2 жилээр хорих ял тогтоов. Гэсэн ч гэм буруутайг нотоллоо. Дүү бид хоёр өнгөрсөн 2 жил гаран хугацаанд там шиг амьдрал дундуур туучаад гарлаа. Бас гэр бүл минь. Ирсэн мэс шиг үг бүхэнд зүсүүлж явсан зүрх минь одоо баярлаж байгаа гуниглаж байгаа хоёроо ялгахгүй дэнсэлж байна.
Үйлдсэн үйлийн үрээ үүрч яваа тэр хүнийг үзэн ядаж явлаа. Эхийгээ алдсанг нь сонсоод өрөвдөж ч суулаа. Одоо мартахыг хүсч байна. Бас уучилж чөлөөлөгдөхийг хүсч байна. Бид хоёр чадсан. Эцсийг нь хүртэл тэмцсэн. Хэн юу гэхээс айгаагүй дээ биш, шаналаагүй дээ биш. Айж, шаналж, зовж, уйлж, нойргүй хонож, бүх зүйл утгагүй санагдах хүртэл ад үзэгдэж бүгдийг туулсан. Гэхдээ өөрийнхөө үзэл бодол үнэт зүйлийнхээ төлөө эцсээ хүртэл зогссон. Өөрийгөө хуураагүй, өөрөөсөө урваагүй.
Өмгөөлөл хийсэн Веритас Партнерсын залууст баярлалаа. Олон хуульд өөрчлөлт оруулсан. Мэргэжлийн түвшинд ажилласан. Амархан байгаагүй. Бид хоёртой хамт байсан бүх хүнд баярлалаа. Маш их. Хамгийн анх бичиж байсан үгс. Бас зураг. ҮНЭН ЯЛНА" гэжээ.