Энэ зууны чимээгүй тахал болсон чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг жил бүрийн 11-р сарын 14-нд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. Монгол улсад хувьд сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөлийн дараа орох чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа харамсалтай мэдээ бий. Тэр ч утгаараа Монголын диабетийн холбоо, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, тэнхимийн дэргэдэх Эндокрин клубын оюутнууд хамтран “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвээр “Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя” уриан дор 7 хоногийн аян өрнүүлэх гэж байна.
Аяны хүрээнд 11-р сарын 14-ний өдөр МЯСЭ- ийн 1 давхарт 14.00 цагаас чихрийн шижин өвчний үзлэг, оношлогоо, эрүүл хооллолтын хичээл, урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зөвлөгөөг иргэдэд үзүүлэх юм байна.
Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ж.Сувд, Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг, Монгол Япон сургалтын эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга АУ-ны доктор Д.Эрдэнэчимэг, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш нар, Монгол-Япон сургалтын эмнэлгийн эмч, ажилчид оролцож иргэдэд үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийнэ.