Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Москва хотноо 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “Олон улсын цэргийн наадам-2019”-д оролцогч болон зохион байгуулагч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагуудыг оролцуулсан дүнгийн хурал болсон юм. Энэхүү хуралд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Батхуяг нар оролцоод ирэв. Дүнгийн хурлаар яригдсан асуудлын талаар ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнээс тодрууллаа.

ОХУ-ын Москва хотод болсон дүнгийн хурлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдсаныг та бид мэднэ. Зохион байгуулагч ОХУ-ын газар нутагт 16 уралдаан, хамтран зохион байгуулагч есөн улсын (Монгол, Хятад, Энэтхэг, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан болсон. Манай улс уг хуралд жил бүр оролцож ирсэн бөгөөд энэ жилийн хувьд зохион байгуулагч орны статустайгаар оролцсоноороо онцлог байлаа. Хурлаар тэмцээний зохион байгуулалтад гарсан ололт амжилт болон анхаарах асуудлын талаар мөн ирэх жил хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж буйгаа ч ярилцлаа.

“Аравт” морин цэргийн олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчинд ямар үнэлэлт өгсөн бэ?

-Хошууч генерал Ж.Бадамбазар даргын тавьсан илтгэлийг дэлхийн орнуудын төлөөлөл маш анхааралтай сонсож, зарим зүйлийг ихэд сонирхон асууж байсан. Хуралд оролцогчид “Амьтантай харилцдаг ийм амаргүй уралдааныг анх удаа амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчинд баяр хүргэе. Энэ төрлийн тэмцээний зохион байгуулагч, “эзэн” нь яахын аргагүй Монгол Улс юм байна. Морины соёл, морины хэрэглээгээрээ баялаг түүхтэй ард түмэн зохион байгуулахаас ч аргагүй юм” гэж онцолж байлаа. Мөн дүнгийн хурлыг зохион байгуулагчид “Олон улсын цэргийн наадам”-ын олон төрөлд цэргийн алба хаагчдаа оролцогчоор болон ажиглагчаар оролцуулж байгаад талархал дэвшүүлсэн.

Ирэх жил зохион байгуулагдах “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоо мэдэгдсэн орон байсан уу?

-Анхдугаар уралдаанд найман орон оролцсон бол ирэх жил энэ тоо өсөх хандлагатай байна. Одоогийн байдлаар Узбекстан, Иран улс оролцохоо илэрхийлээд байна. Цаашдаа ч нэмэгдэж магадгүй. Оролцогч орон нэмэгдэх тусам бидний зохион байгуулалтын цар хүрээ, үүрэг хариуцлага улам нэмэгдэнэ. Сонирхолтой ч гэмээр зүйл нь дүнгийн хурлын үеэр нэг уралдааныг зохион байгуулах хүсэлтэй хэд хэдэн орон саналаа илэрхийлсэн. Тухайлбал, энэ жил Беларусь улсад зохиогдсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнийг ирэх жил Казахстан улс урьдын адилаар зохион байгуулах хүсэлтэй байсан. Мөн БНЭУ-ын зүгээс ч зохион байгуулах бололцоо байгаа гэдгээ мэдэгдсэн.

“Аравт”-ыг зохион байгуулъя гэсэн улс байгаагүй байх ...

-Тийм зоригтой санал хэлэх улс байгаагүй. “Аравт” бол Монголын брэнд уралдаан байх ёстой. Анхдугаар уралдааны зохион байгуулалт өндөр, ар тал, хангалт маш сайн байсныг оролцсон орнуудын төлөөлөл хэлж байлаа.

Ирэх жил “Олон улсын цэргийн наадам”-д оролцогч болон ажиглагчийн төрлөө нэмэх үү?

-Нэмэх зорилго бий. Энэ асуудлаар удахгүй болох ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурал болон Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралд танилцуулж, дүнгийн хуралд оролцоод ирсэн тухайгаа тайлагнана. Эндээс бүх шийдвэр гарна. Ямар ч байсан дүрэм ёсоор 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө “Олон улсын цэргийн наадам”-ын ямар төрлийг зохион байгуулах, ямар төрөлд оролцогч болон ажиглагчаар оролцох тухай мэдүүлгээ хүргүүлэх ёстой.

 

Таны сурталчилгаа