БЛИЦ ЯРИЛЦЛАГА
"Монголоороо гоёдог", "Монголтойгоо адилхан", "Өглөө шиг эх орон" зэрэг Монгол хүн бүрийн тархиндаа хадгалж, амандаа аялдаг гайхамшигтай бүтээлүүдийн эзнийг энэ удаагийн БЛИЦ ЯРИЛЦЛАГА-даа урилаа. Дуулалт жүжгийн арав гаруй дуу, ижийдээ зориулсан 40 гаруй дуу гээд нийт 200 давсан дууны шүлэг бичсэн энэ авьяаслаг эрхэм бол СГЗ, жүжгийн зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар билээ. Цаг хором бүрийг эрхэмлэж, олдсон мөч бүрийг бичиж тэмдэглэж өнгөрөөдөг энэ эрхэм бидний Блиц хоромд хэсэгхэн хугацаанд саатсан юм.
1. Зочин - Ш.Гүрбазар
2. Орд– онцлог шинж?
- Хумхын орд. Сэтгэлийн хөдлөл их шинж чанар нь надтай тохирдог.
3. Мэргэжил?
- Утга зохиолын ажилтан
4. Өдрийн дадал?
- Заавал хүнтэй уулзаж, уран бүтээлийн санал солилцдог.
5. Ажлын төлөвлөгөө хэрхэн гаргадаг вэ?
- Ажлынхаа төлөвлөгөөг өдрөөр нь гаргах дуртай. Их хол төлөвлөдөггүй.
6. Шинэ ажил эхлэхдээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
- Өөртөө ер нь их итгэдэг. Бараг хөөрөгддөг гэхэд болно доо.
7. Ажлын талбарт хамгийн их хэрэглэдэг зүйлс?
- Үзэг. Би өнөөг хүртэл комьютер дээр шивж сураагүй. Бүх бүтээлээ өөрийн гараар бичиж буулгадаг.
8. Өөрөөрөө бахархсан ажил, бүтээн байгуулалт?
- Зохиосон шүлэг, жүжиг, телевизийн бүтээлүүддээ хайртай. Бүтээлүүд маань хүний сэтгэл оюунд хүрч, таалагдсан бол бүүр сайхан.
9. Ашигладаг апп?
- Бараг байхгүй дээ.
10. Одоогийн байдлаар ямар төрлийн хэчнээн бүтээлийн ард гарсан бэ?
- 200 гаруй дууны яруу найраг, 30 гаруй жүжиг, 6 түүвэр зохиол, нэвтрүүлгүүд гээд овоо л бүтээлүүдийн ард гарчээ.
11. Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
- Яг одоо хайрын шүлэглэсэн роман дээр ажиллаж байна. Тун удахгүй уншигчдийн хүртээл болгоно.
12. Аз жаргалтай мөч гэсэн дүгнэлтэд юуг хамруулж ойлгодог вэ?
- Бүх л зүйлс сэтгэлээсээ ундарч байгаа тэр л мөчүүд миний аз жаргал.
13. Төлөвлөсөн ажлууд таниас шалтгаалж амжилттай, амжилтгүй болдог шалтгаанаас нэрлээч?
- Буруу тооцоолох, амархан амлалт өгөх.
14. Таны дуртай болон дургүй дүрэм?
- Дуртай : Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой хэмээх дүрмийг баримтлах дуртай
- Дургүй: Өөрийгөө өрөвдөх дургүй.
16. Ойрын зорилго? Холын мөрөөдөл?
- Бие даасан продакшн байгуулах холын зорилготой.
17. Таныг зэвүүцүүлдэг болон дуртай зан чанар?
- Долигнуур хүнд туйлын дургүй. Харин яг л байгаагаараа өөрийнхөөрөө байдаг хүн сайхан даа.
18. Таны төсөөллөөр арван жилийн дараах та?
- Сайхан намбалаг өвөө болчихсон, үр ачаа тойруулаад сууж байна даа.
19. Хүч тэнхээгүй болсон үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ?
- Зорилгоо дагаж зоригжино шүү гэж хэлдэг.
20. Гэр бүлээ дэлгэрэнгүй танилцуулаач?
- Гэргийг маань А.Мөнхцэцэг гэдэг. 16 настайгаас өдийг хүртэл хамт амьдарч байна даа. Бид хоёр охинтой. Том охин Г.Оюутцэцэн маань ХБНГУ-д амьдардаг. Бага охиныг Г.Бөртцэцэн гэдэг.
Редакцийн зурвас: Ш.Гүрбазар “Хүний амь”, “Тэнгэрийн муухай арилдаг”, “Амин мөр" зэрэг уран сайхны кинонд дүр бүтээж байсан. Мөн “Их бүрдийн домог”, 2002 онд “Өдрийн чимээ” нэртэй яруу найргийн цомгоо гаргасан. 1993 онд Энэтхэгийн “Дарамсала”-д очиж, IX Богдыг залахаар явж байсан. Далай ламын нэвтрүүлгийг хийж байжээ. 1993 онд "Сэрүүн зүүд" "Шөнийн сүүдэр" жүжгийн зохиолоороо МЗЭ - ийн шагнал, 2004 онд "Алтан өд" шагнал, 2005 онд СГЗ цол авсан.
Түүний урсамж ярианаас хүргэе: Тэрээр 1989 оны Дэлхийн залуучууд оюутны 13-р их наадмыг 7 сарын 1-ний өдөр цэнгэлдэх хүрээлэнгээс сансарын холбоогоор шууд дамжуулж байж. Дэлхийн 160 орны оюутан залуус бужигналдаж шуугилдаад л, тэр олон орны хөтлөгчидтэй зэрэгцээд сууж байх үнэхээр гоё байсан. Анхандаа бүтнээр нь дамжуулахгүй хэсэгчилнэ гэсэн болохоор нь дуу аялаад сууж байтал гэнэт л бүтэн дамжуулах боллоо Гүрээ гэдэг юм. Нэгэнт л тулсан юм яах ч аргагүй нэгэнт эфир өгчихсөн болохоор нээлт хийлээ. Солонгосын ерөнхийлөгч үг хэллээ. Орчуулга нь байсан болохоор уншиж орхилоо. Солонгосын оюутны холбооны дарга үг хэллээ. Орчуулчихлаа. Гэтэл Зимбабвэгийн ерөнхийлөгч үг хэлэх боллоо. Орчуулга нь байдаггүй. Бодлоо. За Зимбабвэгийн ерөнхийлөгч Оюутан залуучуудын их наадам сөнөтүгэй гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Амжилт хүсч таарна. Өөр юу хэлж болохов гэж өнгөрсөн хэдхэн секунтад бодож амжаад л шууд эхлэсэн. Гэтэл нөгөө нөхрийн чинь хэлэх үг дуусдаггүй. Аргаа бараад хөтөлбөрийг нь ярилаа. Дуусдаггүй ээ. Болохоо байгаад эв найрамдлын сэдэвтэй хэдэн сайхан ишлэл хэлтэл манай найруулагч, Гүрээ болж байна болж байна. Гэхдээ наад зимбабвэ чинь шүлэг бичдэггүй зимбабвэ байна шүү анхаараарай гэж билээ.