Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ.
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас Ерөнхий боловсролын 29 сургуулийн 2-5 дугаар ангийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр хөдөлгөөнд гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр сургуулийн автобусуудын хүүхдийн аюулгүй байдлыг болон чанар стандартын шаардлага хангасан эсэхийг шалгалаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамгийн түрүүнд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Нийт 33 чиглэлд 29 сургуулийн хүүхдийг тээвэрлэж байна. Энэ бол эхлэл нь. Цаашид тоог нь нэмэх талаар анхаарч ажиллана. Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөлнө. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Энэ мэт олон давуу талыг бий болгох юм. Автобусны зардлыг Хотын захиргаанаас гаргаж байгаа. Автобус өглөө 7:00 цаг гэхэд зогсоолдоо очсон байна. Автобус дотор нийгмийн ажилтан явна. Гараас гарт гэдэг зарчмаар ажиллана. Хамгийн том дэвшил нь баар кодоо хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломжтой болж байгаа юм. Хүүхэд нь хаана буусан, хаанаас суусан, автобусанд байна уу үгүй юу гэх мэт бүх мэдээллийг хянах боломжтой. Бид эхлэл болгож 3000-аад хүүхдэд үйлчилж эхэллээ. Цаашид нарийвчлан судлаад, 2020 оны эхээр бүрэн хэмжээгээр хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.
Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх бөгөөд дээрх автобусуудыг хаягжуулан, хяналтын төхөөрөмж суурилуулж, техникийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлыг хийжээ. Энэ ажлыг эхлүүлснээр хотын ачаалал түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн хүүхдээ хэдэн цагаас ямар буудлаас тосож авах талаар Нийслэлийн боловсролын газраар дамжуулан эцэг эхчүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Сурагчдыг тээвэрлэхээс гадна уг автобусанд ухаалаг системийг нэвтрүүлсэн учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана яваа, давтлага сургуулиасаа хоцорсон эсэх гэх мэт мэдээллийг хянах боломжтой аж.
Мөн энэ үеэр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хяналтын өрөөнийхөө онлайн камерийн үйл ажиллагааг хотын Захирагчид танилцуулав. Тус газрын үйлчилгээнд явж буй бүх автобус онлайн камертай, жолооч болон үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааг бүрэн хянаж байдаг байна.