Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гарагийн ээлжит бус хуралдаанаараа салбарын дэд сайд нарыг томиллоо. Өмнөх Засгийн газрын дэд сайд нараас хоёр хүнийг улираан томилсны нэг нь Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ганболдын Ганбаяр.
Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон БШУ-ны яамны нэгжийн удирдлагууд дэд сайд Г.Ганбаярыг угтан авч, баяр хүргэж, амжилт хүслээ.
Дэд сайд Г.Ганбаяр нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
2001-2002 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтан, 2003-2007 онд ТВ-5 телевизэд Ерөнхий менежер, 2008-2012 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, 2011-2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Хэлтсийн дарга, 2012-2016 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд Хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн, 2015-2018 онд МАН-д Газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2018 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байна. Улсад 19 жил ажилласан юм.