Цаг үеийн мэдээ

Нойр булчирхайн архаг үрэвсэл хүүхдүүдийн дунд элбэг тохиолдох болсон талаар эмч нар халаглан ярьж байна. Энэ бол ерөөсөө л эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хүүхдэдээ тавих хяналт сул, тэдний хоолонд төдийлөн анхаардаггүйн нэгэн илэрхийлэл гэнэ. Хүүхдүүдийн тухайд нойр булчирхайн архаг үрэвсэл буруу хооллолт, таргалалт, мөн эмийн шалтгаантай байж болдог аж. 

Бүжинмед хүүхдийн эмнэлгийн эмч Б.Мөнгөнчөдөр:

-Бага насны хүүхдүүд халуун ногоо ч идчихсэн байх шиг. Халуун ногоотой янз бүрийн гоймон гарчихсан. Яг бэлэн гоймон биш, өөр бэлэн хоолнууд байдаг. Шарсан дүфү ч юм уу. Эдгээр нь хүүхэд байтугай том хүний ходоод, гэдсийг хямраах чадвартай, муу хүнс гэдэг нь батлагдчихсан. Ийм хүнсийг хүүхдүүдэд өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Нойр булчирхайг үрэвсүүлэхээс гадна, хүүхдэд шууд ходоодны цочрол үүсгэж, гүйлгэж бөөлжүүлэх зовуурь илэрнэ. Нойр булчирхай гэдэг нэлээд цаана байдаг. Гадуураа гэдсээр бүрхэгдсэн хамгаалалттай эрхтэн. Үүнийг үрэвсүүлж байгаа гол зүйл нь хэт хурц, задлах боломжгүй, хэтэрхий хадгалж нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнүүд. Жишээ нь, чипс олон жилээр хадгалдаг. Муудахгүй байгаа нь зөндөө үнэр оруулагч, амт оруулагч, нөөшлөгч хийчихсэн. Кетчупийг мөн хүүхдүүд нэлээд хэрэглэдэг. Нөөшлөгч, амт оруулагч, будаг орчихсон байдаг. Хүүхдийнхээ хооллолтод онцгой анхаарах шаардлагатай.

Манай эмнэлэгт үзүүлсэн нэг хүүхдийн кейс байна. Ээж, аавд нь чихэр өгөхгүй шүү гэж захиад явуулсан. Тэгсэн чихэр гэх ойлголт нь заавал цаастай чихэр гэж ойлгочихсон. Ууж байгаа усанд нь сахар хийж, амт оруулж уулгасаар байгаад сургачихсан. Энэ сахартай усыг нь л уулгахгүй бол өөр юм уухгүй гэчихсэн явж байгаа байхгүй юу. Энэ бол асар буруу зуршил. Хүүхэд өдөр бүр ийм сахрын өндөр хэрэглээ аваад байхаар том болоод өнөөх чихрийн шижингээр өвчилж, хэт таргалдаг. Ингэснээр өнөөх архаг хууч өвчлөлд өртөнө гэв.

Хүүхдүүд ихэвчлэн гэдэс өвдөж байна гэдэг. Хэсэг өвдөж байгаад болих ч юм уу? Эсвэл гэдэс л өвдөж байна гээд анзаарахгүй орхих үе ч байдаг. 

Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсгэх хүнсэнд:

Хэт их нүүрс усны хэрэглээ, амтлаг хоол хүнс буюу чихэр, шоколад, өөх, тос агуулсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, чипс гэх мэт орж байна. Олон төрлийн тахиан махан хоол, пицца гэх мэт түргэн хоолны газруудаас авч хэрэглээд байвал өвчлөл улам л нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс энэ төрлийн хоол, хүнснээс аль болох хэрэглэхгүй байх, татгалзах хэрэгтэй. Хүүхдийг аль болох хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй гэв.

Дархан-Уул аймгийн дотрын эмч Б.Бямбабаяр:

-44 хүүхдэд үзлэг хийхэд 12 хүүхэд нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гарсан. Насны тухайд 3-18 насны хүүхдүүд байна. Бага насны хүүхдийн тухайд  ихэвчлэн буруу хооллолт, таргалалтаас үүдэлтэй байна. Жишээлбэл, хүүхэд магадгүй 40 насандаа өвдөх ёстой  өвчлөлөөрөө гурван настайдаа өвдөж байна. Тэгэхээр тэр 40 нас хүртлээ энэ зовуурьтайгаа явна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийг энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд маш сайн хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Хүүхдэд зориулсан хоолыг тусад нь жорын дагуу гаргаж өгөх хэрэгтэй. Хоол зүйчид, ялангуяа хүүхдийн хоол зүйчид маш сайн ажиллах хэрэгтэй гэж боддог гэлээ.

40 настны өвчнийг 4 настай хүүхдэдээ өвлүүлэхгүйн тулд эрүүл хооллоё, ирээдүйн гэрэл гэгээ болсон бяцхан үрсээ дуртай зүйлийг нь авч өгч байна, хайрлаж байна гэж өвчин битгий худалдаж авч өгөөд байгаа юм биш биз.

Б.АМАРТҮВШИН

Таны сурталчилгаа