УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Шүүхийн шийдвэр цаасаар албажиж ирсэн зүйл байхгүй. Би УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Намайг ард түмэн сонгосон. Одоо миний асуудал биш сонгогчдын асуудал яригдаж байгаа. Гурван аймгийн 300 мянган иргэд сонсогчдын асуудал. Хөгжлийн банк дээр хэн хэн цуг шалгагдаж, шүүх рүү орсон эсэх. Миний дээд талын дарга нар шүүхээр ороод бүр цагаадсан хүн хүртэл байгаа. Орж ирээгүй хүмүүс ч бий. Эд нарыг та нар олоод харчихмаар байна. Би та бүгдтэй адилхан зүгээр л гэр хороололд төрж өссөн жолооч ээж, аавтай хүн. Өөрийгөө зөв хүмүүжилтэй хүн гэж бодож байгаа. Надад бусдаас хулгай хийх хүмүүжил байхгүй. Шүүхийн шийдвэр цаасаар ирэхээр нь л асуудлаа ярих ёстой. Улс төрийн шийдвэр гарч байгаа.
Дээд шүүх хуралдаа ч намайг дуудаж оруулаагүй. Үндсэн хуулиар бүх юм явна.
-Таныг "Бэрэн" групп дээр зээл олгосон асуудал дээр хамаатуулж, шалгаж байгаа. Энэ асуудалд таны хамаарал үнэхээр байсан уу?
-Бэрэн групп компанид зээл олгох эсэх асуудал 2014 оноос эхэлсэн. Тухайн үеийн ерөнхий сайд байсан хүн нь, тухайн үеийн зээл олгох асуудалд оролцсон нэг гишүүн нь, тухайн компанийнх нь зээлийнх нь асуудал гэм буруутай нь нотлогдохгүй байна анхан шат руугаа буцаад шалгуул гээд явуулчихаж байгаа байхгүй юу, гэтэл 2019 онд Бэрэн групп компанийн олгосон зээлийнх нь асуудлаар зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж байгаа буюу өнөөдөр бид орон сууцны зээл аваад ажилгүй болчихлоо, зээлээ төлөх боломжгүй байна гээд банкинд хандахаар нь төлбөрийнх нь хуваарийг өөрчилдөг биз дээ, тийм өөрчлөлт хийсэн хүн нь түрүүлээд ял авч байгааг л та нар өнөөдөр хармаар байгаа байхгүй юу. Бэрэн групп компанийн зээл олгосон эсэх асуудал нь шийдэгдээгүй байхад би түрүүлээд нөхцөл өөрчилсөн хүн нь ял аваад байгаа байхгүй юу.