Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.21/ хуралдаан 11 цаг 16 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулав.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт Төсвийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаар томилуулна гэж заасан. Энэ дагуу тус Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус албан тушаалд нэрээ дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг нийтэд нээлттэй мэдээлсэн. Хуульд заасан шаардлагыг хангасан дөрвөн нэр дэвшигч хүсэлт, материалаа ирүүлснийг Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан Ц.Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Төсвийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сонсголыг эл өдөр явуулахаар тогтож, сонсгол даргалагчийг сонгож, 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуулт асуух, нэр дэвшигчийн талаар оролцогчийн саналыг бичгээр авах зэргийг Улсын Их Хурлын parliament.mn цахим хаягаар мэдээлсэн. Энэ хугацаанд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлт, нэр дэвшигчийн талаар бичгээр санал ирүүлээгүйг сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням уншиж, танилцуулсан. Мөн тэрбээр Нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулах холбогдох хуульд заасан дэг болон нэр дэвшигчийн талаар товч танилцуулав.
Нэр дэвшигч Цолмонгийн Бархас нь 1989 онд төрсөн 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 онд “Ард секюритиз” үнэт цаасны компанид гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа юм байна.
Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл санхүүгийн зах зээлийн хяналт тэнцлийг хангахад хэрхэн ажиллах, ашиг сонирхлын ойлголтын талаар тодруулав. Нэр дэвшигч Ц.Бархас, Хувийн хэвшилд ажиллаж байхдаа компани, ажилтнууд, удирдаж буй багийн эрх ашиг гэсэн дарааллаар асуудалд ханддаг итгэл үнэмшилтэй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхол дээр бус зарчимд тулгуурлаж шийдвэр гаргадаг хэмээн хариулав. Мөн тэрбээр санхүүгийн салбарын үйл ажиллагаа хүмүүсийн итгэл дээр тогтдог эмзэг тул нарийвчилсан олон дүрэм журмаар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ амьдралд хэрэгжихгүй дүрэм журам байвал тэр нь зөрчигдөж эхэлдэг. Нэгийг зөрчөөд эхэлбэл дараагийн дүрэм зөрчигдөхөд бэлэн байна гэсэн үг. Иймд бизнесийн орчинд ажиллаж байсан хүний хувьд санхүүгийн салбарын бодит байдал, онол, дүрэм журмын огтлолцол хаана таарч, салаалдгийг мэдэх тул тухайн асуудлыг сайн мэдэрч ажиллана гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нэр дэвшигчид амжилт хүсээд, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр сонгогдвол зорьж төлөвлөсөн ажлынх нь талаар болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад тодорхой санал санаачилгатай ажиллах эсэхийг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, өөрийн туршлагадаа тулгуурлаад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад шийдвэр гаргах түвшинд оролцоотой ажиллахаар төлөвлөсөн гэхийн зэрэгцээ сүүлийн үед хөрөнгө оруулалтын зах зээл дээр сонирхолтой бүтээгдэхүүнүүд гарч байгаа ч худалдаж авах эрэлт бага байна. Иймд хамтын хөрөнгө оруулалтын сан, урт хугацааны хөрөнгө оруулалтын институтыг бодлогоор дэмжихэд өөрийн хувь нэмрийг оруулна гэж байлаа. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн салбарын эрх зүйн орчинд хэрэгжиж буй зарим хууль, бодлого зохицуулалтыг амьдралд нийцүүлэхэд ажлын туршлагадаа тулгуурлан санаачилгатай ажиллана гэлээ.
Харин Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нэр дэвшигчид хандан Санхүүгийн зохицуулах хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль бус бооцоот тоглоом харьяалагддаг тул энэ асуудлын талаарх бодит мэдээллийг нээлттэй, ил тод болгоход санаачилга гаргах, банк бус санхүүгийн байгууллагуудын зарим эдийн засагчид харилцагчдынхаа нэр дээр зээл авч залилан үйлддэг явдал гарч байгаа тул салбарынхаа ёс зүйн асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захиж байлаа.
Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөв.