Цаг үеийн мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн их эмч Э.Бадрахтай ярилцлаа.

-Таны хамгийн анхны дуудлага ямар дуудлага байв?

-2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хамгийн анхны дуудлагадаа гарч байсан. Тахилтаас дуудлага ирээд очиход, 30 настай эмэгтэй харвасан байсан. Анхны тусламж үзүүлээд Улсын гуравдугаар төв эмнэлгийн лавлагаа шатлалын эмнэлэг рүү тээвэрлэж, хүргэж өгсөн. Тэрхүү анхны дуудлага маань санаанаас ер гардаггүй юм. 

-Түргэний эмчийн хувьд хэцүү дуудлага юу байдаг вэ?

-Төрсөн эх, хүүхэд эндлээ гэх дуудлагууд хэцүү. Би 2005 онд төрөөд дөнгөж сар болсон ээж өөрийгөө буудсан гэх дуудлагад очиж байсан. Тухайн үед ээжийг нь амьд мэнд аварчих юм сан, үр хүүхдээ өсөж том болохыг хараасай гэсэндээ анхны тусламжийг үзүүлээд Цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Харамсалтай нь тухайн өвчтөн маань долоо хоногийн дараа шархаа даалгүй нас барсан л даа. Түүнд их харамсдаг. Тухайн үедээ тэрхүү өвчтөн төрсний дараах сэтгэл гутралд ороод өөрийгөө буудчихсан байсан. 

-Сүүлийн жилүүдэд түргэний эмчид тулгарч байгаа гол бэрхшээл юу байна вэ?

-Ер нь нийгэм талаасаа ч, эдийн засаг талаасаа ч асуудал бэрхшээл олон. Өнөөгийн нийгэмд эмч нарын үнэлэмж ямар байгаа билээ. Түргэний эмч хийхэд хүндрэл бэрхшээл ихтэй. Ялангуяа эмэгтэй эмч нар шөнө орой дуудлагаар явна. Хэрэлдсэн зодолдсон, согтуу хөлчүү хүмүүс рүү орно. Мөн дээрээс нь түгжрэл байна. Хоёрдугаарт, орц гарцны шийдэл. Гуравдугаарт, шаардлагагүй дуудлага. Иймэрхүү зүйлүүдтэй тулгардаг. 

-Архидан согтуурсан үедээ дуудлага өгч, эмчийн биед халдах, үгээр доромжлох гэх зүйлүүд бас их тулгарах уу?

-Жишээ нь, жилийн өмнө манай нэг эмч дуудлагаар очиход дуудлага өгсөн айлын хүн нь согтуу хоёр гартаа хутга барьж дайраад, эмч маань амь гарахын тулд цонхоор үсэрч хөлөө хугалсан тохиолдол гарсан. Үнэндээ өнөөдрийн нийгэмд ард иргэд бидэнд гомдол гаргаж 11-11 төвд мэдэгдээд байдаг. Гэтэл биднийг хамгаалдаг зүйл заалт, зохицуулалт байхгүй. Жишээ нь, эмэгтэй эмч нар маань дуудлагаар очоод алгадуулсан, өшиглүүлсэн, цохиулсан, элдэв үгээр доромжлуулсан зүйлүүд зөндөө л гардаг. Тэглээ гээд манай эмч нар хэзээ ч тэр тэглээ, энэ ингэлээ гэж явж үзээгүй. 

-Оны өмнөхөн дуудлагаар явж байсан эмч осолд өртөн бэртсэн тохиолдол гарсан. Тухайн эмчийн талаарх мэдээлэл танд бий юу. Биеийн байдал нь ямар байгаа бол. Ажилдаа эргэж орсон болов уу?

-Тухайн эмч маань манай ээлжийн эмч. Хамар болон толгойндоо битүү гэмтэл авсан. Саяхан эмнэлгээс гарсан. Гэхдээ ажилдаа орох болоогүй. 3-5 сар ажилдаа эргэж орох боломжгүй болов уу л гэж эмч хүний хувьд харж байгаа. 

-Тэрхүү жишээнээс харахад эмч, жолооч дуудлагад явж байгаад бэртэх, гэмтэх тохиолдол хэр гардаг вэ. Үүнээс гарсан эрсдэлийг яаж даван туулдаг вэ?

-Ер нь гардаг. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд дуут дохиолол ажиллуулан явж байгаа төрийн албан хэрэгцээний машин урсгал сөрөх явцдаа өөрийн аюулгүй байдлыг хангана гэж заасан. Ямар нэгэн байдлаар бид ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэн тохиолдолд хамгаалах хуулийн заалт байхгүй. Түргэн ч гэлтгүй гал команд, цагдаа, онцгой бүгдэд нь тохиолддог асуудал. 

-Дуудлагад явахад ямар техник тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Харилцаа холбоог хэрхэн шийдсэн бэ?

-Зөөврийн дэвшилтэт технологиудыг их нэвтрүүлсэн. Зүрхний өвдөлттэй хүн байлаа гэхэд зүрхний цахилгаан бичлэгээ хийчихнэ. Хэвлийн өвдөлттэй бол ЭХО-д харчихна. Өвчтөний тэмдэглэлийг хөтлөхөд таблет авч яваад шууд биччихдэг. Энэ нь бидний ажлыг маш хөнгөлөх болсон. Тухайн дуудлагад очлоо. Хүнээ үзлээ. Картаа шууд бичих боломжтой. Лавлагаа шатлал дээр хийдэг хэвлийн ЭХО-г манайх нэвтрүүлчихсэн. Шаардлагатай тохиолдолд үзээд, дараагийн эмнэлэгт шилжүүлэхэд дөхөм болсон. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа