Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан 12 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлыг танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Бямбацогт нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэн батлах гэж байгаа тул төслийг хэлэлцэх явцад гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгах тал дээр анхаарч ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд сануулав.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын хэсгийн хамтарсан хуралдаан өчигдөр болж, 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулахаар ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хуралдаан даргалагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасан “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэснийг танилцуулаад дэгийн дагуу санал хураалт явуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ж.Ганбаатар нар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.