Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтад тус газрын зөвлөх С.Тэнгис, Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлогын газрын дарга А.Золзаяа болон АНУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Бенжамин А.Ле Рой, Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмонд нар оролцов.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь АНУ-тай харилцах харилцаагаа өргөжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Facebook, Twitter компанитай цахим уулзалт хийсэн. Мөн ирэх аравдугаар сард болох ICT EXPO-2020 үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдах форумын үеэр АНУ-ын DAI компанийн хийсэн цахим орчны аюулгүй байдлын талаарх судалгааг танилцуулж, энэ чиглэлд хамтран ажиллахаар болсон юм.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ “Бид өнгөрсөн долоо хоногт Facebook компанитай хамтран цахим хурал хийж, цаашид цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах, худал мэдээлэлтэй тэмцэх, дижитал эдийн засгийн боломжийг бүрдүүлэх, VR технологийг ашиглан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх чиглэлд хамтран ажиллахаар болсон. Мөн Facebook компани ICT EXPO-2020-д оролцох сонирхлоо илэрхийлсэн” гэв
Мөн тэрбээр төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн цахим платформ болох E-Mongolia төслийн талаарх мэдээллийг АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөлд өгсөн юм. E-Mongolia төсөл хэрэгжиж эхэлсэнээр иргэд гар утасны апп ашиглан төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэх юм.
Харин АНУ-ын Элчин сайдын яамны төлөөллүүд АНУ Монгол Улсын хооронд ил тод байдлын тухай хэлэлцээр хэрэгжиж байгаа гэдгийг дуулгаад төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээ байх болно гэдгийг хэлээд цаашид Монгол Улс АНУ-ын хамтын ажиллагаа тэрдундаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн билээ.