Цаг үеийн мэдээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд Монгол Улс тус өдрийг “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэсэн юм. "Хил хязгааргүй сурвалжлагчид" олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол улс энэ жил Хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 улсаас 73 дугаар байранд жагсч, өмнөх жилийнхээс гурван байраар ухарчээ. Монгол улсад хэвлэл мэдээллийн өмчлөл хэт төвлөрсөн, ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрийн намуудтай холбоотой байдаг нь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгоход саад болж байна. Хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтаж байгаа нь Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрчдийн дарамт шахалтад өртөж засгийн газрын ил тод байдлыг хянах, хууль ёсны дагуу байхыг нь хянах хоточ нохойн үүргээ биелүүлж чадахгүй байгаатай нь холбоотой гэж үзсэн байдаг. Тэгвэл үүний нэг тод жишээ бол сэтгүүлчдийг боомилж хашдаг саарал ордон. Угтаа бол сэтгүүлчид Төрийн ордонд ажиллахдаа УИХ, Засгийн газрын гишүүдтэй уулзаж мэдээлэл хүргэхээр сонгосон сэдвээрээ тодруулга авч ажилладаг байсан. Гэвч  цар тахлын үед гаргасан дүрэм журмын хүрээнд парламентын сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх  боогдмол болж хувирсан. Цар тахлыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед Төрийн ордонд хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь нэг талаараа зөв ч энэ байдал хагас жил орчим үргэлжилж өнөөдөр сэтгүүлчид энэ асуудлыг хурцаар хөндөхөд хүрээд байна. 

Тодорхой цэг дээр УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд ярихыг хүссэн, дуртай сэдвээрээ мэдээллээ өгч энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын  мэдээг амтгүй, нэгэн хэвийн болгож байгаа нь үнэн. Тиймээс парламентын сэтгүүлчид  өнөөдөр  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг болон УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нарт хандан бүрэн эрхийнхээ дагуу уг асуудлаа эргэн харахыг хүссэн мэдэгдэл хүргүүллээ.Хэрэв дээрх журмаа өөрчлөхгүй бол парламент, Засгийн газрын үйл ажиллагааг огт сурвалжлахгүй байх тэмцлийн  дараагийн хэлбэрт нэгдэнэ гэдгээ хэвлэл мэдээллийн байгууллагууд илэрхийлсэн юм.

 

 

Таны сурталчилгаа