Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Женев хотноо болж буй НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Зөвлөлийн 115 дугаар чуулганд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Тус байгууллагын гишүүн 175, ажиглагч 8 улс, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож буй энэ удаагийн чуулганы эхний өдөр “Зүй ёсны шилжилт хөдөлгөөний зураглал: дэлхий нийтийн уриалга - Regular migration pathways: a global call for action” сэдвээр зохион байгуулагдсан Өндөр түвшний хэлэлцүүлэгт Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ.
Тэрээр ОУШХБ-ын чиг үүрэг, манлайлал, улс орнуудад үзүүлж буй туслалцаа дэмжлэгт талархал илэрхийлэн, Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, “Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, дотоод, гадаад шилжилт хөдөлгөөнийг зохицуулах хүчин чармайлтын талаар мэдээлж, ОУШХБ-ын цаг үеийн санаачилга, үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ нотлов.
Чуулганы хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ОУШХБ-ын Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирал Даниелс Угочитой хоёр талын уулзалт хийж, Монгол Улс, ОУШХБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
1951 онд байгуулагдсан НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад Монгол Улс 2008 онд гишүүнээр элссэн билээ.