Цаг үеийн мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн нээлт өнөөдөр (2024.11.27) боллоо.

Энэхүү арга хэмжээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Элчин сайдын зөвлөх Арно, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Глоб Интернэшл төвийн гүйцэтгэх захирал Б.Онон болон бусад албаны хүмүүс оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг арга хэмжээг нээж “Энэхүү төслийн хэрэгжилт нь зөвхөн манай байгууллагын төдийгүй, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон нийт иргэдийн оролцоо, дэмжлэгээр үр дүнд хүрэх боломж хэмээн харж байна. Бид шүүхийн тогтолцоог ил тод, хүртээмжтэй байлгахын төлөө цаашид ч хамтран ажиллах болно” гэж онцлон дурдаж, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.

Төслийг хэрэгжүүлснээр шүүх эрх мэдлийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхийн сэтгүүл зүй болон тайлбарлах сэтгүүл зүйн аргад суралцуулах, шүүхийн шийдвэрийн тойм, мэдээ бэлтгэх чиглэлээр чадавхжуулж, цаашлаад шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх юм.

Таны сурталчилгаа