Цаг үеийн мэдээ

Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Ф.Давидсон тэргүүлж тус бүс нутгийн 27 улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар оролцсон цахим хурал амжилттай зохион байгуулагдлаа. 22 дахь жилдээ зохион байгуулагдсан тус хурал анх удаа цахимаар явагдсанаараа онцлог байсан юм.

   Дээрх хуралд АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эспер, Нэгдсэн штабын дарга генерал М.Миллей нар оролцож “Чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд хуралд оролцогч улс орнуудын Жанжин штабын дарга нартай харилцан санал солилцов. Мөн хуралд оролцогч орнуудын Жанжин штабын дарга нар дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас тухайн улсын үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөө үзүүлж, улс төр, батлан хамгаалах болон эдийн засгийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулж, санал бодлоо солилцов. Хурлын үеэр холбоо, мэдээллийн тавдугаар үеийн техник, технологи нь цэргийн хэрэгт хэрхэн нэвтэрч буй болон үндэсний аюулгүй байдлыг хангах боломжит нэгэн арга хэрэгсэл байж болох талаар танилцуулсан нь хуралд оролцогчдын сонирхлыг ихээр татаж байв.

Дараагийн хурал энэ онд Фижи улсад болохоор төлөвлөгдсөн хэдий ч цар тахлын улмаас тус улсад 2021 онд зохион байгуулахаар дахин товлов.

Ирэх онд зохиогдох тус хурлаар коронавирусийг хэрхэн даван туулсан, Энэтхэг-Номхон далай дахь бүс нутгийн аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлсэн талаар мөн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах зэрэг асуудлаар харилцан туршлага, санал солилцохоор төлөвлөлөө.

Таны сурталчилгаа