Цаг үеийн мэдээ

2020.08.24-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1591 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 976 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.       

          Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  5 хүний амь нас хохирсны 2 хүүхэд байна.

  Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

· Явган зорчигч мөргөх хэлбэрээр -18

· Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1

· Онхолдох хэлбэрээр-1

· Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.24-ний өдрийн 19.18 цагийн орчимд Төв аймаг Эрдэнэ сум Өгөөмөр 1-р баг “Цонжин болдог” гэх газар /Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км/ асфальтан замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 сартай, эрэгтэй А-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна

2020.08.25-ны өдрийн 11:20 цагийн үед Хөвсгөл аймгийн Их уул сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Л-ын амь нас хохирсон.

2020.08.25-ны өдрийн 13:15 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Юинганг маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй Х-н амь нас хохирсон.

2020.08.26-ны өдрийн 15:05 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд North Benz маркийн Б жолооч автомашин онхолдож, зорчигч 40 настай, эмэгтэй М-ын амь нас хохирсон.

2020.08.27-ны өдрийн 05:05 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 44 настай, эрэгтэй Ж-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 693 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

  Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

 

Таны сурталчилгаа