Цаг үеийн мэдээ

Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаа болон холбогдох албаныхан өчигдөр уулзлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран явуулах тус судалгаагаар төрийн албан хэргийг монгол бичгээр шууд хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох юм байна.

2025 оноос бүх нийтээрээ хос бичигтэн болох зорилт нь өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх, ёс заншлыг ойлгох, үндэсний дархлаагаа сэргээх ач холбогдолтой гэдгийг Үндэсний статистикийн хороонд болсон уулзалтын үеэр холбогдох албаныхан тэмдэглэж байлаа.

"Орон нутгийн сонгууль дууссаны дараа энэ судалгааг явуулна"

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам “Монгол хэлний тухай хуулийн 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй. Иймээс Үндэсний статистикийн хороотой хамтран эхний ээлжинд Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг шалгах судалгаа явуулахаар болоод байна. Орон нутгийн сонгууль дууссаны дараа энэ судалгааг явуулна. Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, шууд хөтлөх боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм” хэмээлээ.

"Монгол бичиг бол монгол үндэстнийг гадаад ертөнцөд таниулах хамгийн чухал соёл"

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Базаррагчаа “Өнөөдөр/Есдүгээр сарын 1-н/ эх хэлний өдөр тохиож байна. Монгол бичгээ төрийн болон нийтийн хэрэгцээнд оруулахаар төлөвлөгөөний тухай ярилцаж тохирлоо. Монгол бичиг бол монгол үндэстнийг гадаад ертөнцөд таниулах хамгийн чухал соёл юм. Үсэг бичиг үндэсний оюуны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг. Монгол бичгийг сурч мэдэх нь өвөг дээдсийнхээ соёл, ёс заншил гүн ухааныг танин мэднэ гэсэн үг юм” хэмээв.

"Судалгааны дүн ирэх оны гуравдугаар сард гарна"

Үндэсний Статистикийн хорооны, Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “2025 онд бүх нийтээрээ хос бичигтэн болох бэлтгэл ажлын хүрээнд төрийн албан хаагч нарын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх ажилдаа юуг анхаарах шаардлагатайг судлахаар зорьж байна. Мэдээлэл цуглуулахыг энэ оны 10 дугаар сараас эхлүүлээд 12 сарын 31-нд дуусгаж ирэх оны 3 дугаар сард дүнгээ гаргана. Одоогоор судалгааны бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцөөр дамжуулан судалгааг авна. Ингэж авсан судалгааны чанарыг шалгах түүвэр судалгааг мөн явуулна. Дараагийн түвшинд, судалгааны маягтаа гар утасны аппликэйшн болгож, нийт хүн амын монгол бичгийн мэдлэг ямар байгааг тодорхойлох юм” гэлээ.

 

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикын хороо

 
 

 

Таны сурталчилгаа