"Циркийн сургууль" үүсч хөгжсөний 80 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн баярын хүрээнд Монгол улсын Консерваторийн бүтцийн сургуулийн нэг болох "Бүжиг Циркийн" хамт олон санаачлан хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлэл өглөө. Циркийн сургуулийн хамт олон зах зээлийн нийгмийн хүнд хэцүүг нуруундаа үүрч, циркийн зориулалтын байр, талбай, сургалтын орчин байхгүй ч өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг тэд онцоллоо.
Мөн өөрсдийн хөдөлмөр,хөрөнгөөр АСАР/майхан/ Цирк-ээ хашаандаа барьж, эрч хүчээр дүүрэн "Цирк-80" тоглолтоо үзэгчдэдээ хүргэжээ.
Циркийн тэнхимийн эрхлэгч МУСТА Х.Ганболд: "Өнөөдрийг хүртэл манай хамт олон бор зүрхээрээ явж байна. Бидний хүсэж байгаа зүйл бол Аса циркийг циркийн хамт олонд эргүүлэн ашиглуулахыг хүсч байна. Аса циркийн засварын ажил дуусахаар биднийг түрээс төлөөд байрлаж болно гэж мэдэгдсэн. Энэ нь бидэнд асар хүндрэлтэй байна. Соёлын яамнаас биднийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа" гэсэн юм.
Монголын циркийн үндэслэгч МУГЖ Ж.Раднаабазарын охин Р.Нарантуяа: "Зүрх шимширмээр... Циркийн барилга гэдэг байшин биш үүнтэй зохицсон барилга байх хэрэгтэй байдаг. Монгол улс циркийн ажилчдыг гудамжинд гаргасан. Төрөл бүрийн үзүүлбэрээ бэлдэх, үзүүлэх ямар ч боломж байхгүй. Энэ олон жүжигчид ажилчдын амьдралыг золиосолчихсон. Улс циркийг хувьчлаад 30 жил болж байна. Бага байхдаа аавтайгаа үргэлж циркийн тоглолт үздэг байлаа. Циркийн тоглолт майханд бэлтгэлээ хийж байхыг харахад үнэхээр харамсалтай байна. Аав маань үүнийг үүсгэн байгуулах гэж маш олон зүйлийг туулж байсан" гэлээ.