Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин танилцуулга мэдээлэл хүргэлээ.
Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төсөл дотроо Экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авах, Нийтийн эдэлбэр газрыг зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим хорооны гишүүд асуулт тавьж, санал хэллээ. Төлөөлөгч, хорооны гишүүн Г.Жаргалсайхан Экологийн коридор байгуулах бүст Баянзүрх дүүргийн Хонхорын айлууд багтаж байгааг хэрхэн шийдэж байгаа талаар тодруулахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын дарга Г.Мөнхбаатар Экологийн коридор дээр БЗД-ийн 11, 20-р хорооны 499 иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж байгаа бөгөөд мөрдөгдөх горим, дэглэмийн дагуу дээрх айлуудыг газрыг нь байгаа байдлаар эзэмшүүлээд хугацааг нь сунгана гэдгийг онцоллоо.
Үүний дараа Нийтийн эдэлбэр газрыг зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлын хүрээнд ХУД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлн орчмын нийт 90 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар хэлэлцэж НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүдийн олонхын саналаар НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.