Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  цагдаагийн  нэгдүгээр хэлтэст аравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 03.58 цагт “Цагдаа дуудаад өгөөч дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ. Алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд оршин суух иргэн Ц-гийн гэрт үл таних залуус дайрч орон биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугтаасан байжээ.

Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу залгаж, улмаар 26 настай Х гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж, гэртээ нэвтрүүлсэн аж. Удалгүй  хаалга тогшиж,  онгойлгоход үл таних хоёр эрэгтэй орж ирэн хохирогчийн биед халдаж эд зүйлсийг нь дээрэмджээ. 

Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд тус хэргийг Х, М, Т, У, И, Т нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, дайчлан баривчилсан байна. Сэжигтэй этгээдүүдийн гэрээс хэргийн газраас алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Урьдчилсан байдлаар сэжигтэн этгээдүүд болох 16-26 насны Т, И, М, Х, У  нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугтаах зэрэг гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ. Харин  сэжигтэн  22 настай М гэгч нь энэ оны тавдугаар сард Баянгол, наймдугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан шалгагдаж байжээ. Тиймээс дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг анхааруулж байна. 

Таны сурталчилгаа