Онцгой байдлын албаны удирдлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр, орон сууцанд хамруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063 дугаар аврах гал унтраах ангийн хашаанд 512 айлын орон сууцыг бариулахаар 2016 онд гэрээ хэлэлцээр хийсэн байдаг.
Улмаар алба хаагчдаас байрны төлбөрт урьдчилгаа мөнгө авч захиалга авсан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууц ашиглалтад ороогүй учир зарим захиалагчид гомдол гаргах болсон байна.
Онцгой байдлын ерөнхий газар нь тус орон сууцны ерөнхий захиалагч бөгөөд анх “Их мандуул” компани барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан байна. Харин барилгын ажлыг “Шонхорын хүсэл” компани үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ. Түүнчлэн Шүүхээс барилгын ерөнхий гүйцэтгэгч болох “Их мандуул” компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон бусад баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон аж.
Барилгын ажил 2020 оны нэгдүгээр улиралд багтаж ашиглалтанд орох байсан боловч одоог хүртэл барилгын ажил зогсонги байгааг захиалагчид мэдээллээ.
Захиалагч: “Миний хувьд 2019 онд “Онцгой хотхон”-нд байр захиалж, олон сарын цалингийн зээл авч байрныхаа мөнгийг 100% бүрэн төлсөн. Барилгын ажил 2020 оны нэгдүгээр улиралд багтаж ашиглалтанд орно гэсэн боловч одоог хүртэл цутгалаа ч хийгээгүй байна. Онцгой байдлын ерөнхий газар үүнд анхаарлаа огт хандуулахгүй байна. Одоо хүртэл ОБЕГ-ын нэрийг барьж захиалга авсаар байна. Энэ компани захиалагчид бидний мөнгөөр ломбард ажиллуулж, мөнгө угаадаг байж болзошгүй байна. Учир нь “Алтан шонхор” гэх ломбардны холбогдох утасны дугаар нь барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон “Шонхорын хүсэл” компаний борлуулалтын дугаартай яг ижилхэн байгаа юм. Үүнийг шалгаж, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” гэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар захиалагчдын 60 хувь нь ОБЕГ-ын алба хаагчид байгаа, тэд өнөөдөр орох оронгүй байгаа ч гэсэн дээд албан тушаалтнуудаас эмээж мэдээлэл хийхгүй байгаа гэлээ.