МАН-ын удирдлагууд орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөх үеэр Нийслэлийн Засаг даргаар хэнийг томилох вэ? гэсэн асуултад хариулт өглөө.
МАН-ын ЕНБ-ын дарга Д. Амарбаясгалан:
“МАН-ын дүрмэнд хоёр заалт байдаг. Нэгдүгээрт, тухайн шатны намын байгууллага нь оролцсон сонгуульдаа ялагдал хүлээсэн тохиолдолд тухайн шатны намын байгууллагын удирдлага 30 хоногийн дотор хариуцлага хүлээх өргөдлөө намдаа гаргадаг. Хоёрдугаарт, тухайн шатны намын байгууллага сонгуульдаа ялалт байгуулсан тохиолдолд намынхаа дүрмийн дагуу намын байгууллагаа хуралдуулж тухайн орон нутгийн ИТХ-ын дарга, засаг даргыг сонгоод саналаа намын Удирдах зөвлөлд ирүүлдэг заалт байдаг” гэлээ.
Нийслэлийн МАН-ын хороон дарга Д.Сумъяабазар:
"Хотын даргад МАН-аас гаргасан мөрийн хөтөлбөр, 2050 он хүртэл хэрэгжүүлэх алсын хараа бодлогын бичиг баримттай уялдуулж ажиллах чадвартай боловсрол, мэдлэгтэй хүнийг сонгоно. Хотын даргад тавигдах шалгуурыг даах чадалтай хүн байх ёстой. Ганц хүний шийдлээр ажил явахгүй, багаар ажиллах чадвар чухал. Улаанбаатар хотын хэмжээнд далайцтай ажиллах, МАН-ын дарга, Ерөнхий сайдын нэр дэвшүүлэхдээ урьтал болгож байгаа эх орноо гэсэн чинхүү сэтгэлтэй, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж халуунд халж, хүйтэнд хөрж чадах боловсролтой өндөр ёс зүйтэй, туршлагатай байх гэсэн үндсэн гурван шалгуурыг тавьж томилно” гэлээ.