Бусдын автомашин хулгайлдаг бүлэг хүмүүсийг Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Насны хувьд 16-18 насны зургаан залуу уг хэрэгт хамрагдах бөгөөд өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял сонссон байна.
Мөн 12-15 настай иргэн А, Б, З, У нар 2019-2020 оны дөрөвдүгээр сар хүртэл 40 гаруй автомашин нийслэлээс хулгайлж орон нутгийнханд борлуулжээ. Тэдний хувьд сургуульд сурдаггүй, ар гэр нь архины хамааралтай байна. Тодруулбал хэсэг бүлэг “ах” нар гэх тодотголтой хүмүүс тэдгээр хүүхдүүдийг машинд дурлуулж, машин жолоодож сургасныхаа дараа хэрэг үйлдэхдээ дагуулж, улмаар сүрдүүлэн хулгай хийлгэдэг байсан гэж мэдүүлсэн гэв.
Энэ дөрөвдүгээр сараас хойш нийтдээ 30 орчим автомашин нэмж хулгайлсан аж. Өөрөөр хэлбэл батлан даалтад байхдаа дахин автомашин хулгайлж оргосон гэж ЦЕГ-аас мэдээллэв. Хүүхдүүдийн хувьд баригдсаныхаа дараа 10 орчим тээврийн хэрэгсэл нэмж хулгайлжээ. Үүгээр зогсохгүй орон нутаг руу явж байхдаа зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтаасан ажээ.