Цаг үеийн мэдээ

Н. О : On&On Подкастын хоёр дахь дугаарт дуучин, зөгийчин Нара оролцож байна. Олон жилийн өмнө гарч байсан “Мятаршгүй Жульяа” киноны гол дүртэй Нараг яг ижил юм байна гэж бодогдлоо. Амьдралд тохиох саад бэрхшээлд бөхийдөггүй, даваад, сөрөөд л өнгөрдөг.

М. Н: Баярлалаа. Зүгээр л амьдарч болдоггүй юм уу гэж заримдаа өөрөөсөө асуудаг. Хүмүүс нам гүм, тайван амьдарч болоод байхад миний амьдрал яагаад ийм их адал явдалтай, уналт босолт ихтэй юм бэ гэж. Гэхдээ намайг залуу, эрч хүчтэй, эрсдэл хүлээх чадалтай байгаа үед минь энэ бүхэн тохиож байгаа нь талархууштай. 

Нөгөө талаараа би төрөлхийн л эрч хүчтэй, шударга, эрэмгий, няцашгүй ааштай хүн. Ангийнхан маань ч ярьдаг “Нара чи ёстой багын л болохгүй бүтэхгүй зүйлийн хажуугаар дуугай өнгөрч чаддаггүй хүүхэд байсан, одоо ч яг хэвээрээ шүү” гээд л. 

Н. О:  Хамгийн өөрийнхөөрөө байж чаддаг хүн бол Нара. Энэ их чухал чадвар шүү

М. Н:  Өөрийнхөөрөө байна гэдэг үгийн утгыг маш сайн ойлгох хэрэгтэй. Өөрийнхөөрөө байнаа гээд олны дунд эрээ цээргүй, хаа хамаагүй байж болохгүй. Хаана, хэзээ, хэний хажууд гэдгээ мэдрэх нь чухал. Би бүх цагийн үеийн туршид өөрийнхөө үзэл бодолд үнэнч явж ирсэн, энэ нь ч буруудаагүй. 

Н. О: Нарагийн зарим бичлэг, пост надад таалагддаггүй. Гэхдээ тэр таалагддаггүйтэйгээ хамт таалагддаг. Нэг ёсондоо сайн муутайгаа нийлээд таалагддаг. Дүр эсгэдэггүй энэ л чанарыг яаж бий болгосон бэ?

М. Н:  Өө баярлалаа, их гоё санагдлаа. Сул талгүй хүн гэж ерөөсөө байхгүй, Тэр болгоныг заавал засах ч шаардлагагүй. Хүн бүр төгс болчихвол энэ амьдрал утгагүй ш дээ. 

Бусдад таалагдъя гэж бодохоороо л хүн өөрийгөө алдаж байдаг. Миний хамгийн чухал зарчим бол бусдад ямар харагдаж, ямар санагдахаас үл хамааран би өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх. Би үзэл бодлоо бусдад илэрхийлж, түүнийхээ төлөө тууштай байх үедээ ер нь арьс минь, бие галбир минь ямар харагдаж байгаа бол гэж боддоггүй. 

Н. О: Олон салбарт хүч сорьж байна. Өөрийгөө олох гэж үү эсвэл?

М. Н: Энэ бол өөрийгөө олох гэсэндээ биш нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд гэр бүл, үр хүүхдээ яаж сайхан амьдруулах вэ гэсэндээ хийж байгаа хөдөлмөр юм. 

Улс төрд оролцож байгаа нь орлого олох зорилготой биш, харин миний сэтгэл эмзэглэж явдаг нийгмийн ээдрээтэй асуудлаас үүдэлтэй, түүнийг өөрчлөх юмсан, гар бие оролцож, цаашид амьдрах нийгмээ илүү гэгээтэй болгох юм сан гэсэн л хүсэл юм. Би ер нь хүний гар харж, энэ хийчих байх, миний амьдралыг өөрчилчих байх гэж хүлээх дургүй. Өөрийн хийж чадах юмаа шууд ханцуй шамлан яваад л ордог.

Н.О: Нарад дургүй хүмүүс бас байдаг, чичилдэг, муулдаг. Гэхдээ энэ бүхний цаанаас эрч хүчтэйгээр гараад л ирдэг. Сэтгэлийн энэ их хат, тэвчээр хаанаас гардаг вэ?

М. Н: Хүн болж төрсөн минь маш том утга учир. Тиймээс нийгэм намайг яаж чичилж, муулж байсан ч намайг төрүүлсэн аав, ээжийнхээ төлөө, гайхамшиг болон мэндэлсэн үрийнхээ төлөө, энэ их хувь тавилангаар төрсөн өөрийнхөө төлөө босоод л ирдэг, даваад л гардаг. Хүн ер нь өөрт байгаа зүйлсийнхээ үнэ цэнийг мэдрээд эхлэхээр, түүнийхээ төлөө амьдарч, замын жижиг саад бэрхшээлийг тоохоо больдог. 

Намайг тарган, бүдүүн гэж л байдаг. Энэ бол зөвхөн гаднаас харагдах байдал, шинж чанар ш дээ, яаж ч өөрчлөгдөж болно.  Харин доторх Нара, мөн чанар нь хэвээрээ л байгаа. 

Н. О: Нийгмээс эмэгтэйчүүдэд тавигдах шаардлага маш өндөр. Төрсөн ч төрөөгүй юм шиг гоолиг байх, ажил гэрээ зохицуулж амжилтанд хүрэх, дандаа гоё хөөрхөн явах гэх мэт. Эдгээр шаардлагыг яаж хүлээж авдаг вэ?

М. Н: Би энэ тал дээр өөрийгөө маш чөлөөтэй байлгадаг. Дэндүү хатуу шаардлага, дүрэм хүнийг ядраадаг. Заримдаа манай гэр бөмбөг дэлбэрчихсэн юм шиг л заваан байдаг. Гэсэн ч тэрэнд цухалдаад байдаггүй. Цэвэрлэе гэж бодсон үедээ төвөггүйхэн хийчихдэг. 

Бусдад ямар харагдах бол, бусад хүмүүс юу бодох бол гэдэгт хэт анхаарах нь л эмэгтэй хүнийг туйлдуулдаг. Сүүлдээ өөрийгөө ч хэн бэ гэдгээ танихаа болино. 

Н. О: Сэтгэл доторх таагүй зүйлээсээ яаж ангижирдаг вэ? 

М. Н:  Сэтгэл дотроо хадгалаад байх дургүй. Бусадтай хуваалцаж, сэтгэлээсээ гаргаж, гөвчихөөд л цаашилдаг. 

Би их нийтэч хэрнээ ганцаараа байх дуртай, зожиг хүн. Тиймдээ ч зөгийн аж ахуйг ажиллуулсан байх. Уулын мухарт, зөгийн дээрээ очихоор тайвшрал, амар амгаланг мэдэрдэг. Онц ажилгүй бол хот руу яардаггүй ш д, зөвхөн халуун усаа л санадаг. 

Н. О: Хүүгээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Ганц бие ээжийн хувьд хүмүүжлийн юун дээр нь илүү анхаардаг вэ?

М. Н: Аав бол миний хувьд том түшиг тулгуур байсаар ирсэн. Тиймээс хүүдээ эрэгтэй энерги, нөмөр нөөлгийг яаж мэдрүүлэх вэ л гэж санаа зовдог. Миний хүү их соёлтой, хүнээс уучлал гуйж чаддаг, эелдэг. Энэ чанарууд дээр нь нэмээд эрэмгий, зоригтой болгох дээр л их анхаарч байна. 

Бид хоёр бүх юмны талаар ярилцдаг. Аавынх нь талаар ч гэсэн нээлттэй ярьдаг. Хүүхдийг үзэн ядах сэтгэлгүй болгож өсгөх нь л хамгийн чухал. 

Н. О: Олон зүйл амжуулдаг, бүтээдэг туршлагаасаа хуваалцаач?

М. Н: Өөрийгөө сонсч, мэдэрдэг. Төлөвлөгөөнийхөө дагуу хийж чадахгүй үе бий, бид чинь робот биш шүү дээ. Тэр үедээ өөрийгөө уучлаад, дараа эрч хүчтэйгээр хийдэг. Ер нь өдрийг зөв хуваарилдаг. 

Эморох гээд, гиюүрэх гээд л эхлэхийн бол шууд ном барьж авдаг. Юу хийхээ мэдэхгүй, цагийг яаж өнгөрөөх вэ гэж бодож эхлэхээрээ л хүн дандаа буруу юм бодож эхэлдэг. Тэгэхээр энэ бодол төрөхөөс өмнө сарниах хэрэгтэй. Би хаа ч явсан номтой явдаг. 

Н. О: Эцэст нь бүсгүйчүүддээ хандаж урам зориг, эрч хүч өгөх зөвлөгөө өгөөч?

М. Н: Би хүүгийнхээ аавтай муудалцаж байхдаа бараг үхмээр байсан. Тэр үед ээж минь “Бүх зүйл түр зуурынх шүү” гэж хэлсэн нь санагддаг. Тэрийг сонсоод л би гэдсэнд байсан хүүгээсээ уучлалт гуйсан, сэтгэл уужирсан. Зовлон үүрдийнх байдаггүй, даваад гарахад гайхамшигтай амьдрал чамайг хүлээж байгаа. Би өөрийн амьдрал дээр үүнийг баталсан болохоор ам бардам хэлж чадах байна. Бүх юм түр зуурынх!

Н. О: Заа баярлалаа. Ярилцахад таатай байлаа.  

 

Таны сурталчилгаа